Sunday, July 6, 2014

Хятад Америкийг гүйцэж, эдийн засгаараа дэлхийг “малгайлах” нь. Гэхдээ...  



Дэлхийн банкнаас гаргасан сүүлийн үеийн шинэ тоо баримтаас үзэхэд БНХАУ энэ жилийн дунд гэхэд АНУ-ыг ардаа хаяж, дэлхийд эдийн засгийн нэгдүгээр тоглогч болохоор байна.  Хэдийгээр АНУ эдийн засгийн хувьд аюулгүй байдлаа хадгалж үлдэхийн тулд идэвхийлэх болсон ч Хятад 1980-аад оноос баялгийн эрэлд мордсоноос эхлэн дээрх нь зөвхөн цаг хугацааны асуудал болсон гэж үздэг. 
 
АНУ 1872 онд Их Британи улсыг гүйцсэнээр өдийг хүртэл дэлхийн “номер” нэг эдийн засаг байж ирсэн.  Ихэнх эдийн засагчид Хятадыг 2019 он гэхэд бүх улсын толгой эдийн засаг болно гэж тооцож байсан. Тэгвэл тэд Хятадын хөгжлийн хурдны хязгаарыг доогуур тооцсон бололтой. 
 
Хятадын эдийн засаг хүлээж байснаас илүү хурдтайгаар АНУ-ынхыг гүйцэж байгааг Дэлхийн банкны олон улсын харьцуулалтын тайлан харуулж буй.  Тус тайлан нь 2005 оноос хойш анх удаа шинэчлэгдэн гарсан нь энэ. 
 
Эдийн засгийн эрүүл мэндийн гол илтгэгч болох “Худалдан авах чадварын харьцуулалт/ Purchasing power parity”-аас харахад ОУВС 2012 онд АНУ-ын ДНБ-нийг 16.2 их наяд ам.доллар гэж үзсэн байдаг бол Хятадынхыг 8.2 их наяд гэж гаргажээ. 
 
“Худалдан авах чадварын харьцуулалт” нь валютын харьцах ханшаас шалтгаалан хоёр өөр оронд ижил төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авахад гарч буй үнийн ялгаа, мөнгөн тэмдэгтийн худалдан авах чадварыг хэлж буй. Тухайлбал, нэг ам.доллар 6.3 юаньтай тэнцэж байна гэж үзвэл энэ мөнгөөр Хятадад Америкт байгаагаас илүү худалдан авалт хийж болохоор байгааг харуулж байна. Батлан хамгаалах салбарын зардлыг аваад үзэхэд, Хятад, Америк улсууд нь цэрэг армийн бүрэлдэхүүнээ яг адил хэмжээнд зузаатгалаа гэхэд Хятад улс илүү бага зардал, мөнгөөр үүнийг хийж чадна гэсэн үг.Тиймээс ч “Guardian” сонин “Одоогоос 10 жилийн дараа гэхэд Хятад улсын эдийн засаг АНУ-ынхаас 60 хувиар илүү том байхаар харагдаж байна” гэжээ
 
Тэгвэл Дэлхийн банкны олон улсын харьцуулалтын тайлан 2005 онд Хятадын эдийн засгийг Америктай харьцуулахад талд нь  ч хүрэхээргүй буюу тус улсын нийт эдийн засгийн 43 хувьтай л тэнцэж буйг харуулсан байдаг. Харин сүүлийн үеийн судалгааны дүнгээр 2005 оноос хойш Хятад нь судлаачдын бодсоноос ч илүү хурдан өссөн байж таарах нь. Тиймээс Дэлхийн банк энэ удаад Хятадын нийт ДНБ нь 2011 онд Америкийн ДНБ-ний 83 хувьтай тэнцэж, огцом өсөлт үзүүлсэн гэж дүгнэжээ. Товчхондоо тайлангийн дүгнэлт нь 2011 онд “Худалдан авах чадварын харьцуулалтаар хэмжиж үзвэл, АНУ хамгийн том эдийн засагтай орон хэвээр үлдсэн ч Хятад тус улсын араас хурдтайгаар дагаж байна” гэсэн байгаа юм. 
 
Олон улсын валютын сан Хятадын эдийн засаг 2011-2014 онд 24 хувиар өсөх тооцоо гаргасан бол АНУ-ыг энэ хугацаанд ердөө 7.6 хувиар өснө гэж таамаглаж буй. Энэ нь Эрх чөлөөний орныг их газрын Коммунист улс энэ жил гэхэд гүйцэх баталгаа аж. “Энэхүү үзүүлэлт нь дэлхийн эдийн засгийн газрын зурагт хувьсал авчирч , дундаж орлоготой иргэдээс бүрдсэн томоохон орнуудын байр суурийг нэмэгдүүлж байна. Мөн дэлхийн хүн амын баян ядуугын ялгаа багасч, илүү тэгширч байгаа нь харагдаж буй ” гэж “Financial Times” тус тайлантай холбогдуулан бичжээ.  
 
Бусад хөгжиж буй орнуудыг тэгвэл аваад үзье. Энэтхэг улс өмнө нь эдийн засгийн хэмжээгээр аравдугаар байранд ордог байсан бол одоо гурав дахь том эдийн засагтай орон болчихсон яваа. Тус улсын эдийн засаг 2005 онд АНУ-ын нийт эдийн засгийн 19 хувьтай тэнцдэг байсан бол 2011 онд 37 хувьтай нь дүйж ирсэн нь асар хурдацтай өсөлт. Манай улсын хойд хөрш ОХУ, цаашлаад Бразиль, Индонез болон Мексик нь дэлхийн тэргүүлэх 12 эдийн засагтай орнуудад багтаж буй.  Нөгөө талаас, өндөр үнэ, доогуур өсөлт бүхий хөгжингүй орнууд нь Их Британи болон Японыг АНУ-ын байр сууринаас нэлээд алсад авчирсан бол Герман суудлаа ялимгүй өндөрсгөж, Итали бахь байдгаараа үлдэж.  Чинээлэг орнууд дэлхийн нийт ДНБ-ий 50 хувийг бүрдүүлж байгаа ч хүн амын ердөө 17 хувь нь энэ улсуудад харьяалагддаг. 
 
Хятад Америкийн байр суурийг эзлэх гэж буй нь эдийн засаг, улс төрийн нөлөөлөл баруунаас зүүн тийш чиглэж буй дохио. Энэ нь төрийн эрхэн дэх эдийн засаг АНУ, Европын ардчилсан чөлөөт тогтолцоот эдийн засгаас илүү дээр гэсэн санаа юу. “АНУ-ын хувьд байр сууриа алдана гэдэг тус улсын дэлхийн тавцнаас бууж буй уналт мэт харагдаж байгаа. Гэвч хамгийн том эдийн засагтай байна гэдэг “сайн” гэсэн үг мөн үү гэдэг асуулт байна” гэж “Time” сэтгүүл бичжээ. Өөрөөр хэлбэл тоо чухал уу, эсвэл чанар чухал уу гэсэн үг. 
 
Тоо чухал уу, чанар чухал уу
 
Хэдийгээр Хятад улс дэлхийн нэгдүгээр эдийн засаг боллоо ч энэ нь нэг талаас тус улсын эдийн засгийн сул талуудыг халхавчилж буй маск ч байж болох. Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүнийг өсөхөд хөшүүргэдэж буй хүчин зүйлс нь тус улсын эдийн засгийн эрүүл мэнд энх мэнд биш болохыг баталж буй. Тухайлбал үүнд хөрөнгө оруулалтын илүүдэл, үл хөдлөх хөрөнгийн салбар дахь үрэлгэн төслүүд, өрийн “галзуурч” буй хэмжээ орно. Хятад улс үнийн өрсөлдөх чадвараа алдаж буй нь ойрын жилүүдэд ажиглагдаж буй бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн өсөлтөөс харагдаж байгаа билээ. Мөн тус улс өнөөдөр ч хөгжингүй орон болоход зайлшгүй хэрэгтэй удирдлагын түвшин дэх мэргэжилтнүүд болон технологи санхүүгийн мэргэжлийн ур чадвараар дутаж буй. Энэ бол хөгжингүй орнуудыг чанарын хувьд гүйцэж чадахгүйд хүргэж болох том хүч. 
Гэвч тэд энэхүү сул талаа бүрэн мэдэж байгаа. 
 
Хятадын Засгийн газар 2020 он гэхэд 195 сая хүнийг коллеж болон их сургууль төгсгөж зах зээл дээр гаргахаар төлөвлөж байгаа нь олон улсын боловсролын эх орон АНУ-ын 120 саяаас давсан тоо. Олон улсын боловсролын институцийн мэдээлснээр өнгөрсөн жил гаднын улсуудад сурч буй хятад оюутнуудын тоо 194.000 хүрсэн нь таван жилийн өмнөх 67 мянгыг гурав нугалсан тоо юм. Энэхүү хөгжингүй орнууд дунд АНУ хятадын оюутнуудыг хамгийн олноор нь сургаж буйд тооцогддог. Шинээр төгсөгчид шинээр гарч ирж буй салбарууд болох эрчим хүч, хэмнэлттэй эрчим хүчний хэрэглээ, байгаль орчны хамгаалал, биотехнологи, дэвшилтэт мэдээлэл технологи, өндөр технологи, тоног төхөөржийн салбар дахь ажлын байруудыг дүүргэнэ гэсэн тооцоо байгаа.  Хятадын Үндэсний Статистикийн газрын мэдээллээр, Хятадын Засгийн газар 2006 оноос хойш Боловсролын салбар дахь хөрөнгө оруулалтаа үлэмж хэмжээгээр нэмэгдүүлж, 2005 онд ДНБ-ий 2.82 хувь байсныг 2012 он гэхэд ДНБ-ий дөрвөн хувьд хүргэжээ. Одоогоос дөрвөн жилийн өмнө Боловсролын яам нь 2010-2020 он хүртэл мөрдөх Боловсролын шинэчлэл, хөгжил гэсэн дунд болон урт хугацааны Үндэсний төлөвлөгөөг хүчин төгөлдөржүүлж, мөрдөж эхэлсэн. Энэ нь Хятадыг дэлхийд мэдлэг, технологид суурилсан тэргүүлэгч орон болгож өөрчлөхөд чиглэгдснийг хөгжингүй орнууд үл огоорч болохгүй. 
 
АНУ-ын хувьд инновацийн хувьд голлох манлайлагч бөгөөд өөр олон салбартын үзүүлэлтээр олон улсад хол тасарсан орон. Нью-Йорк хот нь дэлхийн голлох санхүүгийн төв хэвээр байгаа бол ам.доллар байр сууриа шилжүүлэх хараахан болоогүй байна. “АНУ дэд бүтцээ сайжруулан, татварын ухаалаг шинэлэг бодлого барьж, сайжруулсан боловсролын тогтолцоо, иргэдийн орлогын зөрүүг арилгахад чиглэсэн тодорхой хүчин чармайлтуудыг гаргаж чадвал эдийн засгийн өсөлтийн суурь бэхжинэ” хэмээн “Тime” сэтгүүлийн Бээжин дэх сурвалжлагч Майкл Шуман үзжээ. Тус улс эдийн засгаар дэлхийд тэргүүлэгч гэх байр сууриа алдах нь зайлшгүй үнэн гэдэг нь эдийн засгийн хандлагуудаас илт боллоо. Гэвч энэ нь АНУ-д дайн дажинд бага орооцолдож, эдийн засаг, нийгмийн үйл явцдаа илүү анхаарах шаардлага гарч ирж буйг л сануулсан хэрэг болохоос уналтын дохио бишийг  мэргэжилтнүүд хэлж байна.
 
Харин Хятад улс төрөөр толгойлуулсан хэдий ч зах зээлийн зарчимд суурилсан, хувийн хэвшлийнхэнд илүү тэлэлт хийх орон зай өгсөн шинэчлэлийг хэрэгжүүлж буй. Гэвч тус төлөвлөгөөний эрсдэл нь асар өндөр, өөрөөр хэлбэл буруугаар эргэбэл эдийн засгийн хямралд хүргэхээр гэж үзэх шинжээчид бий.  Тус улс нь өнөөгийн эдийн засгийн ертөнцийн “мандаж буй нар” хэдий ч эрх баригчид нь цогц нэгэн эзэнт гүрэн байгуулах сонирхол байгаа эсэх нь эргэлзээтэй.  Тухайлбал, АНУ дэлхий даяар хэдэн зуун цэргийн баазтай байдаг бол Хятад улсаасаа гадна нэг ч үгүй. Тус улс одоогоор зөвхөн эдийн засгийн “галзуу” өсөлтөд санаа зовж, аль болох хурдан хөгжингүй орон болоход хамаг анхаарлаа төвлөрүүлж буй. Хятадын хүн ам 1.4 тэрбум руу тэмүүлж, эдийн засгийн хэмжээ нь АНУ-ынхтай дүйж ирлээ. Гэхдээ  хүн амынх нь амьдралын дундаж түвшин нь Америкийн хүн амын дөрөвний нэгнийх нь амьдралын түвшнээс ч доогуур. Тиймээс Хятад баян орон болтол туулах  урт зам зурайж буй. 
by Б.Энхцэцэг
 

No comments:

Post a Comment

Photoelectric Intelligent Dry Separation  Please see below information   ...