Sunday, July 6, 2014

Сэлэнгэ аймгийн Хүдэр суман дахь Төмөртэйн уурхайн төмрийн хүдэр баяжуулах үйлдвэр ашиглалтанд орлоо


Сэлэнгэ аймгийн Хүдэр суман дахь Төмөртэйн уурхайн төмрийн хүдэр баяжуулах үйлдвэрийн нээлт уржигдар болсон юм. Жилдээ гурваас дөрвөн сая тонн хүдэр баяжуулах хүчин чадалтай энэхүү үйлдвэр "Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр" ТӨХК-ийн 2010 оноос эхлүүлсэн уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төлөвлөгөөний дагуу хийгдсэн бүтээн байгуулалт юм. Нийт 700 орчим сая ам.долларын өртөг бүхий уг төслийн хөрөнгө оруулагчаар үндэсний "Кью Эс Си" компани шалгаран өнөедрийг хүртэл 100 орчим сая ам.доллар зарцуулчихаад байна. Ирэх таван жилд төслийг бүрэн хэрэгжүүлж дуусгахаар төлөвлөжээ. Саяхныг хүртэл "Алтайн хүдэр"-ээс өөр ийм хэмжээний хүдэр баяжуулах томоохон хүчин чадал бүхий компани байгаагүй юм. Цаашид эцсийн бүтээгдэхүүн болох ган үйлдвэрлэхээр төлөвлөжээ. Тус баяжуулах үйлдвэрийн тоног төхөерөмжийг АНУ-ын "ТRIO" компанид үйлдвэрлэсэн бөгөөд 55-аас дээш хувийн агуулгатай төмрийн хүдрийн баяжмал үйлдвэрлэх юм.
Дархан Сэлэнгийн бүс нутагт нийтдээ 400 сая тонн төмрийн хүдэр агуулагдаж байгаагаас Төмөртэйн хүдрийн орд 229.3 сая тоннын нөөцтэй. Энэхүү орд нь үндсэн гурван хэсгээс бүрдэнэ. Тодруулбал эхний ээлжинд олборлож эхлээд байгаа зүүн хэсгийн баруун орд нь 18 сая тонн хүдрийн нөөцтэй бол ирэх намраас ашиглахаар төлөвлөсөн зүүн хэсгийн зүүн орд нь 120 сая тонн хүдрийн нөөцтэй. Харин үлдсэн баруун хэсгийн орд нь 90 сая гаруй тонн төмрийн хүдрийн нөөцтэй болохыг Монголын эрдэс баялгийн зөвлөлөөс албан ёсоор баталгаажуулжээ. Хоёр дахь ордын олборлолтыг эхлүүлэхээр техник хэрэгсэл, ажиллах хүчээ бүрэн базаажээ. Төлөвлөгеө ёсоор баруун уурхайгаас жилд хоёр сая тонн, зүүн уурхайгаас гурван сая тонн хүдэр олборлох юм. Ингэсэн тохиолдолд тус ордыг 50-60 жил ашиглах юм байна. Энэхүү ордыг "Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр" ТӨХК 2008 онд өөрийн эзэмшилд эргүүлэн авч 2011 оноос олборлолтоо эхлүүлсэн түүхтэй.
Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн Уул уурхай хариуцсан дэд захирал О.Болор-Эрдэнээс тодруулга авлаа.
-Он гарсаар дэлхийн зах зээл дээрх хүдрийн баяжмалын ханш багагүй уруудлаа. Дээр нь Монголын эдийн засаг, санхүүгийн орчин сайнгүй энэ үед төслийн эхний шат амжилттай хэрэгжиж, хүдрийн баяжмалын үйлдвэр нээлтээ хийхэд багагүй бэрхшээл тулгарсан байх?
-Өнөөдөр нэг тонн хүдэр хамгийн бага буюу 80-90 ам.доллар байна. Эдийн засгийн хямралтай байгаа өнеө үед Оюу толгой, Тавантолгой зэрэг үндэсний томоохон төсөл хөтөлбөрүүд ажилчдаа цомхотгох, цалингаа танах хэлбэрт шилжиж байгаа бол Төмөртэйн уурхайн хувьд боловсон хүчнийг цомхотгох бус орон тоог нь дотооддоо шилжүүлж, шингээх хэлбэрээр ажиллалаа. Энэ сарын 1-нээс ажилчдынхаа цалинг25хувиар нэмэгдүүлсэн. Төлөвлөсөн хөренге оруулалтууд царцах, хугацаанаасаа хойшлох зэрэг хүндрэлүүд гарч байсан ч энэ бэрхшээлийг амжилттай давж бүтээн байгуулалтын ажлаа хугацаанд нь хийж гүйцэтгэлээ. Тухайлбал Ерөө суман дахь дэд станцыг ашиглалтанд оруулж, тэндээсээ Төмөртэйн уурхай руу 50 км урттай 110 кВ-ын агаарын шугам, 16 мВт-ын дэд станц, Төмөртэйн уурхайгаас Хандгайт ертөө хүртэл 34.5 км төмөр замын ажлыг эхлүүллээ. Өнеөдөр ийнхүү уурхайн дэргэд хүдэр баяжуулах үйлдвэрээ нээгээд, анхны хүдрийн баяжмалаа гаргаж байгаадаа таатай байна. Нэг үгээр хэлбэл бид дотоод гадаадын эдийн засаг, зах зээлийн хүндрэлийг бэрхшээл бус боломж талаас нь харж чадсан.
-Хэдийд эхний ээлжийн хүдрийн баяжмал экспортод гарч эхлэх вэ?
-Тээвэрлэлтийн хугацааг яг төдийд өдийд гэж хэлэх боломжгүй. Бид аль болох богино хугацаанд төмрийн баяжмалаа экспортлохыг хичээн ажиллах болно. Төмөртэйн уурхайгаас "Болд Төмөр Ерөө Гол" компанийн Хандгайт өртеө хоорондох 34.5 км төмөр замаа ирэх жил ашиглалтад хүлээлгэн өгнө. Ингэсэн тохиолдолд уурхайгаасаа шууд төмөр замаар тээвэрлэх болно. Тэр болтол Хандгайт хооронд 20 орчим км газарт автомашинаар тээвэрлэнэ.
-Хүдэр олборлох явцад гарах дайвар эрдэс баялгийг давхар олборлох уу?
-Энэ ордод алт, зэс, мөнгө зэрэг эрдэс баялаг маш бага хэмжээгээр агуулагддаг учраас үйлдвэрлэлийн хувьд эдийн засгийн үр ашиггүй. Тиймээс олборлохгүй гэж ойлгож болно.
-Төмөртэйн уурхайн хувьд сум орон нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, ажлын байраар хангах тал дээр хэр анхаарч ажиллах вэ?
-Нийгмийн хариуцлагаа маш өндөр түвшинд ухамсарлан ажиллаж байгаа. Уурхайд 270 гаруй ажилчин бий. Арван уурхайчин тутмын гурав нь орон нутгийн иргэн. Цаашид энэ тоог өсгөх бодлого барьж ажиллана. Дээр нь баяжуулах үйлдвэртээ ажиллуулахаар нутгийн 25 залууг өөрийн хөрөнгөөр Дархан хотын МСҮТ-д сургаж, мэргэшүүлэн, ажлын байраар хангаж байгаа. Орон нутгийнхаа дэд бүтэц, нийгэм соёлын арга хэмжээнд байнга хөрөнгө оруулалт хийсээр ирсэн. Мөн ашигласан талбайг ойжуулна. Уурхайн олборлолттой зэрэгцээд нөхөн сэргээлтийн ажил давхар хийгдэнэ. Өөрөөр хэлбэл олон арван жилийн дараа нөөц дуусч, уурхайн үйл ажиллагаа зогссон ч энд ухсан нүх, улаан шороо бус битүү ой шугуй л үлдэнэ гэсэн үг.
-Энэхүү төсөл дээр үндэсний хөрөнгө оруулалт,үндэсний бүтээн байгуулалт зарчмыг барьж ажилласан гэж сонссон юм байна?
-Төмөрлөгийн үйлдвэрийн уул уурхайн металлургийн тесөл 700-аад сая ам.долларын өртөгтэй. Энэ бол төмрийн хүдрээс ган метал бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хуурай соронзон болон нойтон баяжуулалтын үйлдвэр барих зэргийг багтаасан томоохон төсөл. Өнөөдрийн байдлаар 100 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдчихсэн. Зүүн уурхайг ирэх намраас ашиглаад эхэлбэл 50-иад тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт дахин хийгдэнэ. Хамгийн гол нь "Кью Эс Си" хэмээх үндэсний компани хөрөнгө оруулж байгаагаараа давуу. Концессийн гэрээгээр үйлдвэрээ эзэмшиж байгаа нь хүртэл бас нэгэн давуу тал. Төслийн эхний шатанд Ерөө суман дахь дэд станцыг ашиглалтанд оруулж, тэндээсээ Төмөртэйн уурхай руу 50 км урттай 110 кВ-ын агаарын шугам, 16 мВт-ын дэд станц байгуулж, Төмөртэйн уурхайгаас Хандгайт өртеө хүртэл 34.5 км төмөр замын ажлыг эхлүүллээ. Мөн хуурай соронзон баяжуулах үйлдвэрээ байгууллаа. Харин дараагийн шатанд гангийн үйлдвэр байгуулна. Дарханд удахгүй ашиглалтанд орох нойтон баяжуулах үйлдвэрээс гарах хүдрийн баяжмалаа гангийн үйлдвэрлэлд ашиглана. 2017 он гэхэд дотооддоо ган үйлдвэрлэхээр төлөвлөн ажиллаж байна гэв.
Эх сурвалж :
М.УУГАН-ЭРДЭНЭ "Өдөрийн сонин"

No comments:

Post a Comment

Photoelectric Intelligent Dry Separation  Please see below information   ...