Monday, October 20, 2014

Арилжааны нүүрсний чанарын удирдлагын талаар БНХАУ-д мөрдөгдөх түр журмын тухай


Хятадын арилжааны нүүрсний чанарыг сайжруулах, нүүрсний үр ашигтай цэвэр хэрэглээг дэмжих, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор БНХАУ-ын Үндэсний Хөгжил Шинэтгэлийн Хороо, Байгаль орчныг хамгаалах яам, Худалдааны яам, Гаалийн ерөнхий хороо, Үйлдвэр худалдааны ерөнхий хороо болон Чанарын хяналт, хорио цээрийн ерөнхий хорооны хамтарсан 2014 оны 9-р сарын 3-ны өдрийн 16-р тогтоолоор батлагдсан “Арилжааны нүүрсний чанарын хяналтын талаар мөрдөх түр журам”-ыг 2014 оны 9-р сарын 16-ны өдөр нийтэд зарласан байна. Энэхүү түр журмыг 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Түр журамд арилжааны нүүрс гэж юу вэ гэдгийг тодорхойлоод, нүүрсний уурхайн дотоодын хэрэгцээний нүүрс, нүүрсний булинга, хаягдал нүүрс зэрэг нь энэ тодорхойлолтонд хамаарахгүй бөгөөд хэрвээ уурхайн компани өөрийн дотоодын хэрэглээний нүүрсийг холын зайнд тээвэрлэх тохиолдолд энэхүү түр журмыг дагаж мөрдөхөөр заажээ.

Энэхүү түр журмын шаардлагад нийцээгүй нүүрсний импорт, борлуулалт, холын зайн тээврийг хориглосон байна.

Хятад улсын Нүүрсний салбарын эх сурвалжийн мэдээлснээр Хятадын улсын Үндэсний Хөгжил Шинэтгэлийн Хороо өнгөрсөн оны 12 дугаар сарын дундуур салбарынхны дунд түр журмын талаар санал асуулга явуулж, чанар муутай нүүрс, ялангуяа чанар муутай импортын нүүрсэнд хатуу хязгаарлалт тогтоохоор шийдвэрлэсэн байна.

Түр журамд арилжааны нүүрсний стандартыг нарийн зааж өгчээ. Үүнд: дотоодын хүрэн нүүрсний үнслэг 30%-иас доош, хүхрийн агууламж 1.5%-иас доош, бусад төрлийн нүүрсний үнслэг 40%-иас доош, хүхрийн агууламж 3%-иас доош байхаар заасан. Мөн түүнчилэн нүүрсэнд агуулагдах дараах элементүүдийн агуулгыг нарийн зааж өгсөн байна. Үүнд: мөнгөн ус (Hgd) ≤ 0,6mг/г; мышяк (As d ) ≤ 80mг/г; фосфор(Pd) ≤ 0,15%; хлор (Cld) ≤ 0,3%; фтор(Fd) ≤ 200mг/г гэж тус тус хязгаарыг тогтоожээ.

Хятад улсын дотоодод 600 км-ээс дээш зайд тээвэрлэх нүүрсний илчлэг, үнслэг, хүхрийн агууламжинд хатуу стандарт тавьсан бөгөөд хүрэн нүүрсний үнслэг 20%-иас доош, хүхрийн агууламж 1%-иас доош байхаар заагдсан байна. Түр журмаар Бээжин, Тяньжин, Хөбэй муж, Чанжан, Жүжан орчимд үнслэг 16%, хүхрийн агууламж 1%-иас дээш задгай нүүрс борлуулах, ашиглахыг хоригложээ.



Нүүрсний хэлтэс,
Шатах ашигт малтмалын судалгааны тасаг

Thursday, October 9, 2014

Монголын эрдсийн гарц 7 боомт


Монгол улсад хийсэн Хятадын Ерөнхийлөгч Си Жиньпиний айлчлалын үеэр Монголоос нийлүүлэх бараа бүтээгдэхүүнийг Тяньжинаас гадна тус улсын 6 боомтыг ашиглан гуравдагч зах зээлд нийлүүлэх тохиролцоонд хоёр улсын тал хүрсэн.  Тодруулбал, Хятад руу экспортлох нийт бараа бүтээгдэхүүний гуравны нэгтэй тэнцэхүйц хэмжээтэй ачаа таваарыг транзит тээврээр зөөж, Тяньжин, Чинхуандао, Далиан, Дандон, Ингкоу, Жинзоу, Хунхуа зэрэг боомтоор гаргах боломжтой болсон юм. Эдгээр нь Хятадын хойд болон зүүн хойд хэсэгт байрлах далайн боомт юм. Боомтууд тус бүртээ Хятадын томоохон боомтууд болохыг доорх товч мэдээллээс харж болно.
Жинзоугийн боомт нь 1990 онд байгуулагдсан. Лиаонин мужид байрлах тус боомт нь жилдээ 35 сая тонн бараа нэвтрүүлэх хүчин чадалтай. Нэг сая гаруй хавтгай дөрвөлжин метр талбайг хамарсан, хоёр сая тонн бүхий карго ачаа хадгалах том агуулахтай. Газрын тос, химийн бүтээгдэхүүн болон бусад бараа бүтээгдэхүүний ачилт хийдэг байна.
Тяньжиний боомт нь Бээжин хотоос зүүн урагш 170 км-т орших бөгөөд Хятадын хамгийн том боомтод тооцогддог. Энэхүү боомтоор үндсэндээ нүүрс, кокс, эрдсийн хүдэр, газрын тос, ган, бордоо, үр тариа зэрэг бараа бүтээгдэхүүнийг ачиж, хүлээж авдаг байна. Жилдээ 500 сая тонн ачаа эргэлт энэхүү боомтоор дамждаг. Ирэх онд энэ хэмжээг 600 сая тонн болгохоор төлөвлөжээ.
Чинхуандао бол Хэбэй мужид байрладаг. Хятадын хойд нутаг болон зүүн хойд нутгийг холбодог гол суваг гэж үздэг. Жилдээ 220 сая тонн бүтээгдэхүүн нэвтрүүлдэг. Энэ нь нүүрсийг хойноос өмнөд рүү тээвэрлэх гол суваг юм. Энэхүү боомт хамгийн том буюу 2 сая хавтгай дөрвөлжин метр талбайтай бөгөөд 8.5 сая тонн нүүрс хадгалах боломжтой. Энэхүү боомт нь хамгийн хямд үйлчилгээтэй учир дэлхийн эдийн засгийн хямралтай үед ч боомтын ачаа эргэлтийн хэмжээ буурахгүй байгаа ажээ.
Ингкоу нь он удаан жилийн түүхтэй томоохон боомт юм. Гэхдээ Хятадын өөрчлөн байгуулалтаар Лиаонин муждаа төдийгүй улсдаа эхний арван том боомтын тоонд орж чадсан юм. Өнгөрсөн 2005 оны байдлаар нийт ачаа эргэлт 75 сая тоннд хүрчээ. Хүчин чадал одоо бараг 100 сая тоннд хүрчээ. Уг боомтоор эрдэс баялаг, газрын тос, шингэн химийн бүтээгдэхүүнээс гадна үр тариа, автомашин зэргийг тээвэрлэдэг байна.
Дандон боомтын ачаа эргэлт өнгөрсөн оны байдлаар 100 сая тонныг давсан. Лиаонин мужийн Бохай эдийн засгийн бүсэд байрладаг. Сүүлийн гурван жилд уг боомтын удирдлага боомтоо хөгжүүлэхэд зориулж, 1.6 тэрбум доллар зарцуулжээ. Уг боомтоор үр тариа, карго ачаа, бусад бараа болон эрдэс баялгийн бүтээгдэхүүнийг нэвтрүүлдэг байна.
Далиан боомтод газрын тос, шингэрүүлсэн химийн бүтээгдэхүүн, контейнер, автомашин, ерөнхий карго, үр тариа зэргийг ачиж буулгах терминалтай юм. Лиаониний томоохон боомтын нэг Далиан нь дэлхийд эхнээсээ 19-т тооцогддог том боомт юм. Энэхүү боомтын жилийн ачаа эргэлт 100 сая гаруй тонноор хэмжигдэж байна.
Хунхуа боомт нь Хэбэй мужид байрладаг бөгөөд нүүрс, хүдэр, газрын тос болон бусад бараа таваарыг тээвэрлэдэг байна. Өнгөрсөн оны байдлаар нийт бараа эргэлтийн хэмжээ 170 сая тоннд хүрчээ.
Хятад улс боомтуудынхаа хүчин чадлыг нэмэгдүүлэх талаар ихээхэн анхаарал тавьж буй. Тус улсын Тээврийн яамны мэдээллээр, 2012 оны байдлаар тус улс 100 сая тонноос дээш ачаа тээвэр хүлээн авах, ачих хүчин чадалтай 26 боомттой байжээ. 


Б.Төгс

Хятад улс импортын нүүрсэнд 3-6%-ийн татвар ногдуулна


Хятадын Санхүүгийн яам энэ сарын 15-наас импортын нүүрсэнд 3-6%-ийн татвар ногдуулах болсноо өнөөдөр мэдэгдлээ. Энэ нь тус улсын дотоодын нүүрс олборлогч компаниудаа дэмжих бодлоготой нь холбоотой юм.
Хятад улсын хувьд өнгөрсөн оны 8 дугаар сард хүрэн нүүрсний импортод 3%-ийн татвар ногдуулж эхэлсэн ч одоо нүүрсний бүхий л төрөлд татвар тогтоож байна.
Коксжих нүүрснээс бусад төрлийн нүүрсний татвар 6% байх бол коксжих нүүрс, антрацитад 3%-ийн татвар ногдуулах юм байна. Тус улс 2007 онд цуцалсан нүүрсний импортын татвараа ийнхүү 7 жилийн дараа сэргээлээ. Энэ шийдвэр Австрали, Оросын нийлүүлэгчдэд ихээхэн хүндээр тусна гэж шинжээчид тайлбарлаж байна. Харин Хятад руу нүүрс нийлүүлэлтээр эхнээсээ хоёрт бичигдэх Индонезийн хувьд татвар хэрхэн үйлчлэх нь тодорхойгүй байгаа ажээ. Учир нь АСЕАН-ы улс орнууд өөр хоорондоо нийлүүлэх бараа бүтээгдэхүүнд импортын татвар тавьдаггүй дүрэмтэй юм байна.
Хятадын дотоодын нүүрсний томоохон компаниуд Засгийн газартаа хямд нүүрсний импортыг хориглох тухай жил гаруй шахалт үзүүлсний дараа гарч буй шийдвэр гэж олон улсын хэвлэлүүдээр бичиж тайлбарлажээ.
Энэ жилийн байдлаар Хятадын дотоодын компаниудын 70% нь ашиггүй ажиллаж, талаас илүү нь ажилчдынхаа цалинг хугацаандаа тавьж чадахгүй байсан ажээ. Тус улсын дотоодын нүүрсний үнэ сүүлийн долоон жилийн хугацаан дахь хамгийн доод үнэдээ хүрээд буй юм. Өнгөрсөн сарын сүүлээр Цинхуандао боомт дээр эрчим хүчний нүүрсний үнэ тонн тутам нь 77-79 ам.доллартай байжээ.
Нөгөөтэйгүүр Хятад улс агаарын бохирдлыг бууруулах хүрээнд ирэх оноос эхлэн хүхэр, үнслэг ихтэй нүүрсний импортод хориг тавих шийдвэр гаргаад буй юм. Энэ нь Австралийн нүүрс экспортлогчдод маш хүндээр тусна гэж үзэх шинжээчид буй ч уг шийдвэрийн дагуу нүүрсээ боловсруулаад чанарыг нь сайжруулаад илүү өртөгтэй нүүрс нийлүүлэх сонголт бий. Гэвч Индонезийн хямд нүүрс илүү эрэлттэй болж магадгүй гэж шинжээчид үзэж байна.  
Манай улсын хувьд ихэвчлэн коксжих нүүрс экспортолдог ч 3%-ийн татвар нь компаниудад хангалттай дарамт юм.

Б.Төгс

Photoelectric Intelligent Dry Separation  Please see below information   ...