Tuesday, March 22, 2016

Инновацийн удирдлагын агуулга
Шинэ хэрэгтэй мэдлэгээс бий болсон шинэ бүтээл(invention)-ийг инноваци болгон хувиргах, бүтээл шинэ санааг хэрэгжүүлэх,  зах зээлд бизнесийн өсөлт ба ашиг орлогоороо тэргүүлэн өрсөлдөөний давуу талыг олж авахад чиглэсэн бизнесийн зохион байгуулалтыг бий болгож хэрэгжүүлэх процесс юм.
Стратегийн зорилго гэдэг нь урт хугацааны үйл ажиллагааны хүлээгдэж буй үр дүн юм. Энэ нь шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлдвэрлэлийн бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх, шинэ зүйлсийг зах зээл дээр гаргах, эсвэл зах зээлээ өргөжүүлэх, байгууллагын болон хувьцаа эзэмшигчдийхээ ашиг орлогыг нэмэгдүүлэх, эсвэл илүү нэмэгдсэн өртөг шингээсэн оюунжсон бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэрэг байж болно.
Байгууллагын стратегид инновацийг тусгах нь шинэ зүйлсийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, үр дүнд хүргэх хүрээнд тогтвортой хөгжлийг хангахуйц өөрчлөлтийг урьдчилан харж чаддаг байхад чиглэгдэнэ.
Тухайлбал, зах зээл дээр үйлдвэр аж ахуйн нэгж бүр өрсөлдөх чадвараа хадгалах нөхцөл байдлаа тодорхойлж байдаг. Ерөнхийдөө энэхүү нөхцөл нь бизнесийг зорилтот чиглэлээр төгөлдөржүүлэх, нөөц хуримтлуулах, борлуулалт улмаар зах зээлээ өргөжүүлэх, техник технологи, бүтээгдэхүүнээ хөгжүүлэх стратегийг шаарддаг.

Инновaцийн удирдлагын чиг үүргүүд
v Байгууллагын инновацийн зорилгыг тодорхойлох
a)      Компанийн инновацийн зорилго бизнесийн ерөнхий стратегитай нягт уялдсан байх
b)      Гадаад ба дотоод хүчин зүйлсийн нөлөөллийг тооцох
c)      Компанийн үйл ажиллагаанд гүйцэтгэх инновацийн үүрэг роль ба урт хугацаанд зорьж буй зах зээлийн өсөлтөнд хүрэхэд инноваци хэрхэн дэмжлэг үзүүлэхийг тодорхойлох
v Хийгдэх алхмууд
a)      Эрхэлж буй бизнес, зах зээлийн онцлог,  компанийн үйл ажиллагааны бусдаас ялгарах онцлог, компанийн гол хэрэглэгчид, тэдгээрийн өөрчлөлтөнд хандах байдал, өрсөлдөгчид, өрсөлдөгчидтэй харьцуулсан давуу тал зэргийг харгалзан үзэж зорилгоо тодорхойлох
b)      Зах зээл дээрх инновацийн боломжуудыг тодорхойлох
c)      Инновацийн үйл ажиллагааны шалгууруудыг тодорхойлох
v Инновацийн соёлыг төлөвшүүлэх
a)      Байгууллагын инновацийн талаар баримтлах зарчмууд, манлайлал коммуникацийн болон урамшууллын үр өгөөжтэй системийг бий болгох
b)      лидерүүдийн үлгэр дууриал
c)      инновацийг байгууллагын бүх хүрээнд чухалчлан үзэх үзэл
d)     ажиллагсдын урам зориг
e)      нэгж хэсгүүдийн уялдаа хамтын ажиллагаа 
f)       хэрэглэгчидтэй ойр хамтран ажиллах байдал
g)      амжилттай хэрэгжсэн инновацийн практик, аргуудын сурталчилгаа
v Инновацийн процессыг хэрэгжүүлэх
a)      инновацийн боломжийг тодорхойлох
b)      инновацийн боломжуудаас сонголт хийх
c)      шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг төсөллөх, боловсруулах
d)     шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг үйлдвэрлэн зах зээлд гаргах
e)      инновацийн төслийн портфелийг удирдах.

Инновацийн үйл ажиллагааны зорилго нь үйлдвэрийн газрыг урт хугацаанд тодорхой боломжуудаар хангахад оршино. Иймээс стратеги нь үйлдвэр аж ахуйн газрын гадаад дотоод орчны хүрээнд бий болсон асуудлуудыг шийдвэрлэх арга замыг харуулдаг.
Инновацийн байгууллагууд нь шинжлэх ухааны судалгаа шинжилгээ, шинэ зүйлийн туршилт зохион бүтээлт, технологи боловсруулалтыг эрхэлдэг Энэхүү үйл ажиллагааны удирдлага нь инновацийн менежмент бөгөөд өөрийн онцлогтой байдаг. Үүнд:
·         Удирдлагын обьект - шинжлэх ухаан судалгааны процесс;
·         Үндсэн нөөц - шинжлэх ухааны мэдээлэл, оюуны потенциал;
·         Үр дүн - шинэ мэдээлэл, шинэ зүйл болно.
Үйлдвэрлэлд инновацийн удирдлагын эдийн засгийн 3 үндсэн зорилтууд байна.
1. Шинэ болон сайжруулсан технологийг бий болгох;
2. Шинэ болон сайжруулсан бүтээгдэхүүнийг бий болгох;
3. Борлуулалтын шинэ зах зээлийг эзэмших;
Эдгээр зорилтуудыг хэрэгжүүлэхэд бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийн стратеги чухал
төдийгүй инновацийн стратеги, бодлогод зах зээлийн эрэлт болон түүний хэтийн төлвийг ч таамаглах хэрэгтэй юм. Шинэ бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, үйлдвэрлэх, борлуулах маркетингийн хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэхээс түүний зах зээлийн нэвтрүүлэлт, түгээлт ихээхэн хамаарна.
Стратеги ба маркетингийн судалгаа нь урт хугацааны хөрөнгө оруулалтын төсөл болон инновацийн хүрээнд системтэй хөтөлбөрийн дагуу шинэ бүтээгдэхүүнийг бий болгох нөхцлийг бүрдүүлдэг. Ийнхүү инноваци нь байгууллагын удирдлагын дээд түвшинд гүйцэтгэгдсэн стратегийн нэг чиглэл юм.
Инновацийн үйл ажиллагаа амжилттай хэрэгжихэд түүнийг удирдах процесс зөв явагдах нь чухал болно. Энэхүү удирдлагын зорилго нь байгууллагын үйл ажиллагааны шинжлэх ухаан технологи, үйлдвэрлэл, эдийн засгийн хүрээнд удирдлагын механизмыг бий болгох, сайжруулах, үйлдвэрлэлээс хуучирсан бүтээгдэхүүнийг гаргах, уламжлалт төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг цаашид хөгжүүлэх, технологи болон үйлдвэрлэн гаргаж буй бүтээгдэхүүнийг сайжруулах, шинэчлэх, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологийг боловсруулах, нэвтрүүлэх зэргийг тодорхойлоход чиглэгдэнэ.

Инновацийн удирдлага нь:
·         Инновацийн үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулах;
·         Боловсруулалтын үйл явц болон түүний нэвтрэлт, хэрэгжилтийн эхний үеийг ажиглах, удирдан зохион байгуулах
·         Инновацийн хөтөлбөрт хөрөнгө оруулах
·         Үйлдвэрлэл дэх инновацийн үйл ажиллагааны уялдаа холбоог хангах;
·         Хөтөлбөрийг хэрэгжүүлэх мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх;
·         Асуудлыг шийдвэрлэх бүтээлч зорилтот багийг бүрдүүлэх;
·         Инновацийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх;
гэсэн элементүүдээс бүрдэнэ.  Энэхүү удирдлагын процесс нь стратегийн менежмент ба маркетинг, төлөвлөлт, зохион байгуулалт, урамшуулалт, мэдээлэл, зохицуулалт, хяналт гэсэн тасралтгүй, харилцан уялдаа бүхий чиг үүргүүдтэй. Эдгээр чиг үүргүүд нь шинэ зүйлийг судлах, хөгжүүлэх, зохион бүтээх, турших, үйлдвэрлэх, зах зээлд нэвтрүүлэх, түгээх инновацийн процесс, түүнийг дэмжих дэд бүтцүүд, хэрэгжихэд таатай орчныг зөв бүрдүүлэх, харилцан уялдаатай удирдахад чиглэгдэнэ. Энэхүү процессийн идэвхижлийн үр дүнд чансаатай бүтээгдэхүүн бий болж бүтээмжийн түвшин дээшилнэ.

Төлөвлөлт: Төлөвлөлтийн чиг үүрэг нь байгууллагын зорилгыг тодорхойлох, зорилгод хүрэхийн тулд гишүүн бүр юу хийх, нөөцөө хэрхэн оновчтой хуваарилах, зорилгод хүрэх хуагацаа хир байх, түүний завсрын үе шатны гүйцэтгэл ямар байхыг урьдчилан тодорхойлоход чиглэгддэг. Харин инновацийн үйл ажилагааны төлөвлөлтийн онцлогт:
·         Инноваци нь шинэ зүйлстэй холбоотойгоор тодорхой бус байдал ихтэй,
боловсруулалт ба үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд хугацаа шаардагддаг. Оролцож байгаа хүмүүсийн тоогоор нарийн төвөгтэй байдал их, ажиллагчдын мэргэшилт, ажлын цар хүрээ гэх мэт хүчин зүйлс нөлөөлдөг.
·         Хөрөнгө оруулалтын эрсдэлтэй;
·         Инновацийн үйл ажиллагаанд шаардлагатай дэд бүтэц, удирдлагын бүрэлдэхүүн, бэлэн бус байдал нөлөөлдөг.
·         Инновацийн менежментийн стандартчилалын түвшин бага байх магадлалтай.
·         Инноваци эерэг үр дүнтэй үед өрсөлдөх давуу тал өндөртэй зэрэг багтдаг тул анхаарах нь зүйтэй болов уу.
Инновацийн төлөвлөлтийн зорилтуудад:
a)    Маркетингийн таамаглалын хувилбарт үндэслэн байгууллагын оновчтой стратегийг сонгох;
b)   Байгууллагын хөгжил ба найдвартай байдлыг хангах;
c)    Инновацийн үйл ажиллагааны зорилтыг бүтэцлэх;
d)   Төлөвлөгөө иж бүрэн гүйцэтгэлээр хангах;
e)    Төлөвлөгөө хэрэгжүүлэх зохион байгуулалт, техник, нийгэм, эдийн засгийн арга
f)    хэмжээг төсөвлөх;
g)   Үүрэг даалгавар, түүнийг гүйцэтгэгч, шаардлагатай нөөц, хугацаа, ажлын чанараар хангах;
h)   Төлөвлөгөөг хэрэгжүүлэх урамшууллыг төсөвлөх;
i)     Шинжлэх ухааны үндэслэлээр инновацийн ба шинэ зүйлийн портфелийг бий болгох

Төлөвлөлтийг гүйцэтгэхдээ дараах үндсэн зарчмуудмыг харгалзвал зохино.
 Үүнд:
a) Стратегийн болон бусад төлөвлөлтүүдийн залгамж холбоог хангах;
b) Төлөвлөлтийн нийгмийн чиг хандлагыг харгалзах;
c) Төлөвлөлтийн обьектуудыг ач холбогдлоор нь зэрэглэх;
d) Төлөвлөлтийн үзүүлэлтүүдийн ижил тэнцүү байдлыг хангахыг эрмэлзэх;
e) Гадаад орчны хүчин зүйлүүдийг төлөвлөгөөнд харгалзах ;
f) Төлөвлөлтийн хувилбарыг тооцох,
g) Төлөвлөлтийн баланслалтыг хангах;
h) Төлөвлөлтийн эдийн засгийн үндэслэлийг тодорхойлох;
i) Төлөвлөтийн системийн автоматчилалтад анхаарах;
j) Төлөвлөлтийн системийн эргэх холбоог хангах зэрэг болно.
Зохион байгуулалт: Зохион байгуулалт нь нэг талаас зорилгод хүрэх үйл ажиллагааг цэгцлэн тодорхой дэс дараалалд оруулан журамлах процесс, нөгөө талаас нэгж хэсэг, бүлэг, хүмүүсийн хүчин чармайлтыг тодорхой бүтцэд оруулан хэлбэржүүлэх удирдлагын нөлөөлөл юм. Энэ нь төлөвлөсөн ажлуудыг хэрэгжүүлэх үйлдвэрлэлийн болон удирдлагын иж бүрэн үйл ажиллагааны менежментийн чиг үүрэг юм.
Удирдлагын процесс гэдэг нь: байгууллагын бүтэц зохион байгуулалтын хүрээн дэх
удирдлагын дэд системийн үйл ажиллагаа, дэг журмын нэгдлийг хэлнэ.
Үйлдвэрлэлийн процесс гэдэг нь тогтоосон хугацаанд тодорхой чанар тоо хэмжээ төрөл бүхий бүтээгдэхүүн бэлтгэхэд чиглэгдсэн үйл ажиллагааны нэгдэл юм.
Хяналт нь: зорилгод хүрэх үйл ажиллагааны явц хэр байна вэ? Нөөцөө зөв хувиарлаж ашиглаж байна уу? Зорилгын гүйцэтгэлийн ямар хэлбэлзэл гарч байна? түүнд юу нөлөөлж байна? үйл ажиллагааны зохион байгуулалт хэлбэр хэр оносон байна? үйл ажиллагааны эцсийн үр дүн зорилготойгоо тохирч байна уу? гэдгийг тодруулах агуулга бүхий менежментийн чиг үүрэг юм бөгөөд товчхондоо байгууллагын зорилгын хэрэгжилтийг хангах үйл явц юм.
Хяналтыг 4 үе шатаар гүйцэтгэж болно. Үүнд:
1. Үр дүнгийн шинжилгээ ба мониторинг хийх
2. Хүссэн үр дүнг төлөвлөгөөтэй харьцуулах, хэлбэлзлийг тооцох
3. Үүссэн нөхцөл байдлын үр дагаврыг таамаглах
4. Хяналтын үр дүнгээр засвар хийх

Инновацийн төслийн хяналтын 3 үндсэн үзүүлэлт байж болно.
·       Цаг хугацаа – төсөл өгөгдсөн хугацаанд хэрэгжсэн байх
·       Зардал – Төсвийн дагуу байх
·       Чанар – Төслийн шаардлагууд мөрдөгдсөн байх
Зохицуулалт: Удирдлагын шийдвэрт нөлөө үзүүлэхүйц гадаад орчны хүчин зүйлийн өөрчлөлтийг судалж шинэ чанар бүхий гарцад хүрэхийн тулд системийн орцын хүчин зүйлүүдийг сайжруулах арга хэмжээ авах менежментийн чиг үүрэг болно.
Гадаад орчны хүчин зүйлүүдэд:
·      Тухайн байгууллагын үйл ажиллагаа явуулж буй салбарын шинжлэх ухаан техник технологийн хөгжлийн хурдац
·      Хэрэглэгчийн шинэ хэрэгцээ зах зээлд гаргаж буй бүтээгдэхүүний талаархи гомдол
·      Нийлүүлэлтийн бодлого
·      Өрсөлдөгчийн зах зээлийн стратеги
·      Гадаад эдийн засгийн хүрээн дэх улсын бодлого
·      Үнийн бодлого
·      Бүсийн болон зах зээлийн дэд бүтцийн байгууллагын макро микро орчны бусад хүчин зүйлүүд зэргийг оруулдаг
Байгууллага нь гадаад орчны хүчин зүйлийг 3 чиглэлээр үнэлдэг.
·         Байгууллагын өнөөгийн үйл ажиллагааны янз бүрийн чиглэлд үйлчилж буй хүчин зүйлийн өөрчлөлт
·         Байгууллагын өнөөгийн үйл ажиллагаанд аюул учруулж буй хүчин зүйлс
·         Байгууллагын стратегийн болон урсгал зорилгын ололт амжилтанд нөлөөлөх нэмэлт боломжийг бий болгох хүчин зүйлс зэргийг хамруулна.
Мотиваци гэдэг нь: Байгууллага бүлэг болон хүнийг тодорхой нөхцөл байдалд өөрөөр бус тодорхой үйл хийхэд гарцаагүй өдөөн шижим түлхэц өгч байдаг сэтгэлийн дотоод хүч сэдэл байдаг. Удирдлагад мотивацийг үр дүнтэй хэрэглэхийн тулд ажилчдынхаа сонирхол хэрэгцээ хүлээлтийг сайн таньж мэдэх шаардлагатай байдаг. Мотиваци нь байгууллагын зорилгод хүрэн, үйл ажиллагаанд хүмүүсийг татан оролцуулах менежментийн чиг үүрэг юм.
Инновацыг идэвхжүүлэхэд хамт олны идэвхи чармайлт бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэн оюуны нөөцийн ашиглалтыг сайжруулах таатай орчныг бүрдүүлэх шаардлагатай ба үүний тулд Маслоугийн, Мак Клендагийн, Герцбергийн, Хүлээлтийн, Шударга ёсны зэрэг онолуудыг сайтар судлан хэрэгцээтэй үед нь сонгон хэрэглэж чаддаг байх нь менежер хүний чухал үүрэг болно.
Шуурхай зохицуулалт : Төлөвлөлт болон үүрэг даалгавар хэрэгжүүлэх дичпетчирийн систем нэгж хэсгүүдийн ажлын уялдаа холбоо харилцан зөвшилцлийг хангах менежментийн харилцаа холбооны чиг үүрэг болно

Инновацийн удирдлагын зарим аргууд
Үйлдвэрийн газарт инновацийг амжилттай нэвтрүүлэхэд үйл ажиллагаа, эдийн засаг, санхүүгийн харилцан уялдаа бүхий удирдлагын системийг бий болгон хэрэгжүүлэх ба дараах аргуудыг анхаарч судлах нь зүйтэй болов уу.
Захиргааны аргууд : Энэ нь удирдлагын дэд систем (менежер, мэргэжилтэн гэх мэт) нь удирдагдаж буй дэд системд үйлчлэхийг хэлнэ. Сүүлийн үед сэтгэл зүйн хандлагыг тусгасан удирдлагын арга барил зонхилж байгаа билээ.
Нэрт эрдэмтэн В.Р. Весниний үзэж буйгаар, удирдлагын үндсэн 4 арга байна.
 Үүнд:
·      тушаах,
·      ухуулан таниулах,
·      эрх мэдэл шилжүүлэн удирдлагад оролцуулах
·      хариуцлага тооцох эдгээр болно.




Сэтгэл зүйн аргууд: Энэхүү арга нь инновацийг идэвхижүүлэхэд ажиллагчдын идэвхи санаачилгыг өрнүүлэх, үүний тулд тэдэнд тулгарч буй асуудлуудыг илрүүлэх, шийдвэрлэхэд чиглэгдэх ба дараах механизмаар хэрэгжиж болох юм. Үүнд:
·            Нийгэм сэтгэл зүйн процессийн хэм хэмжээний шинжилгээ хийх;
·            Явцуу болон дутагдалтай ажлын байрыг илрүүлэх;
·            Асуудлыг боловсруулах;
·            Нийгэм сэтгэл зүйн хэм хэмжээний сайжруулалтыг төлөвлөх;
·            Төлөвлөгөөний хэрэгжилтийг зохион байгуулах;
·            Бүртгэл тооцоо, хяналтыг хэрэгжүүлэх;
·            Процессийг зохицуулах зэрэг байж болох юм.
Эдийн засгийн аргууд:  Байгууллага нь инновацийн эдийн засгийн үзүүлэлтүүдийг
дараах чиглэлүүдээр боловсруулан шинжилж байх хэрэгтэй юм                     
Үүнд:
·            Тодорхой зах зээл дэх тодорхой бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар;
·            Бүтээгдэхүүний тодорхой төрлийн ашигт ажиллагаа;
·            Эргэлтийн хөрөнгийн эргэц;
·            Хөдөлмөрийн бүтээмж;
·       Хөрөнгө оруулалтын капиталын бүтээмж;
·       Байгууллагын балансын ашиг дахь татварын хэмжээ;
·       Байгууллагын нийт ажиллагчдад үндсэн ажиллагчдын эзлэх хувь;
·       Үйлдвэрлэл ба удирдлагын автоматчилалын түвшин;
·       Инновацийн үйл ажиллагааны эдийн засгийн үр ашгийн үзүүлэлтүүд
зэргийг тодорхойлох хэрэгтэй болно.

Балансын аргууд. Үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх нөөцүүдийг тооцох, аж ахуйн үйл ажиллагааны үзүүлэлтүүдийн харилцан улядаа холбоог хангахад зориулагдана.
Шинжилгээний арга: Байгууллагын хөгжлийн шийдвэрийг хэрэгжүүлэх удирдлагын үйл ажиллагаа, төлөвлөлт, үндэслэл, оновчлол, хэтийн төлөв таамаглалын чанрыг дээшлүүлэх, тэдгээрийн харилцан уялдааг тогтоох, мөн элементүүдэд задлахыг шинжилгээний арга гэнэ.
Харьцуулах арга: Төлөвлөсөн үзүүлэлт нь бодит байдлаас хир хэлбэлзэж байгааг тодорхойлон, түүний шалтгааныг илрүүлж, нөөцийг бий болгон байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө.
Хүчин зүйлсийн шинжилгээний арга. Хөдөлмөрийн бүтээмж, зардлын элементүүд, машин тоног төхөөрөмжийн бүтээмж гэх мэт үр дүн болон тодорхой функцэд хүчин зүйлсийн нөлөөллийн түвшинд тогтоох шинжилгээний арга болно.
Индексийн арга. Хэмжигддэггүй болон нийлмэл үзэгдлүүдийг судлахад хэрэглэгдэнэ. Индексийн арга нь нэгдсэн үзүүлэлтийн харьцангуй ба абсолют хэлбэлзлийг хүчин зүйлээр нь задлах боломж олгодог.
Гинжин тавилтын арга. Хүчин зүйлийн суурь утгыг бодитоор ээлжлэн солих замаар нэгдсэн үзүүлэлтийн утгуудыг гаргаж авах арга юм.
Элиминирийн арга. Бусад хүчин зүйлсийг тооцолгүй үйлдвэрлэл аж ахүйн үйл ажиллагааны нэгдсэн үзүүлэлтэнд нэг хүчин зүйлийн үйлчлэлийг гаргадаг.
Графикийн арга. Шинжилгээний үр дүнг эмхтгэх, үзүүлэлтүүдийг тооцох, аж ахуйн
процессыг танилцуулах арга хэрэгсэл болдог.
Сүлжээ арга. Иннoвацийн үйл ажиллагааг сүлжээ график ашиглан төлөвлөн удирдаж болох юм Сүлжээ график гэдэг нь ажлын дэс дараалал, уялдаа холбоог тодорхойлох нэгдсэн даалгаврыг биелүүлэхэд чиглэгдсэн иж бүрэн ажлын график загвар юм.
Шинжлэх ухаан технологийн хөгжлийн эрчимтэй хурдацын өнөө үед инновацийн удирдлагын процесс нь байгууллагын зохион байгуулалтын бүтцийг хөрвөх чадвартай илүү уян хатан байхыг шаардах болсон. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа нь улам бүр шинэ агуулгатай болж, үүний үр дүнд бий болсон инновацийн зорилтуудыг үр ашигтай хурдан шийдвэрлэхэд зохион байгуулалтын бүтэц уламжлалт хэлбэрээрээ байх нь шаардлага хангахгүй болжээ.
Үйлдвэр аж ахуйн газарт инновацийг нэвтрүүлэхэд уламжлалт зохион байгуулалтын бүтцийн үндсэн дутагдал нь хөшүүн, хүний нөөцийн ажил үүргийн хуваарьт чанд баригдсан байдал, орчин үеийн менежментийн шинээр бий болж байгаа шаардлагыг мэдрэх чадвар хангалттай бус зэргээр илэрч байнаИнновацийн чиг хандлагатай байгууллага нь техник эдийн засаг, нийгмийн харилцан
уялдаа бүхий системтэй байх ёстой. Энэхүү системийг "байгууллага- гадаад орчин "нэгж-нэгж (бүлэг-бүлэг)", "хувь хүн-байгууллага" гэсэн харилцан хамаарлаар тодорхойлж болох юм. Эдгээр харилцан уялдаа нь байгууллагад гадаад болон дотоод орчны хүчин зүйлсийг үр дүнтэй мэдэрч үйл ажиллагаагаа зохицуулан явуулах боломжийг олгодог удирдлагын зохион байгуулалтын бүтцийн орчин үеийн хандлага болох дасан зохицох өндөр чадвартай органик бүтцээр хэрэгжинэ.
Инновацийн байгууллагын хувьд, "байгууллага-гадаад орчин" харилцан уялдаа удирдлагын зохион байгуулалтын бүтцийн органик хандлагын тусламжтай хэрэгжинэ. Харин "нэгж-нэгж (бүлэг-бүлэг)" хамаарал нь уламжлалт бүтэц зохион байгуулалтын нөхцөлд дивизиональ, мөн зорилтот бүтээлч бүлэг (ЗББ) зэрэг хэлбэрүүдээр хэрэгжих боломжтой болно. Хувь хүн - байгууллага" уялдаа нь бие даасан шинж чанар хадгалдаг.
Органик хандлага бүхий удирдлагын зохион байгуулалтын бүтэц нь орчны хувьсал тодорхойгүй нөхцөл байдалд дасан зохицох чадвар сайтай, уян хатан чанартай, шийдвэр гаргалтын хурд сайн, нэгж хэсгүүдийн уялдаа холбоог өөрчлөх боломжтой, бюрократын сөрөг шинжүүд аль болох бага, захиран тушаахаасаа илүү үйлчлэх чиг үүрэг давамгайлсан байдаг. Үүний тулд удирдлагын шат дамжлага бага, захиргааны бүтэц уян, ажлын хариуцлага өндөр, шийдвэр гаргалтанд ажиллагсдын оролцоог хангасан, эрх мэдлийн төвлөрлийг багасгасан дүрэм журмуудыг боловсруулан хэрэгжүүлнэ. Энэ хандлага нь өндөр технологи, гадаад хүрээлэн буй орчны их өөрчлөлттэй үед хэрэглэгдэх нь илүү үр дүнтэй бөгөөд шинэ орчин хурдан зохицох, өөрөөр хэлбэл уян хатан байх боломжийг байгууллагад олгодог.
Чанга хатуу үнэлгээ, стандарт мөрдөгдөхгүй органик хандлагатай зохион байгуулалтын энэ бүтцийн үед дотоод шагнал урамшуулалын дэвшилтэй хэлбэр, өөрийгөө хөгжүүлэх боломж нь мэргэжилтнүүдийг хяналт шалгалтын системээс илүүгээр хамт олныг идэвхитэй бүтээлч болгодог байна.

Технологийн болон бүтээгдэхүүний инновацийг нэвтрүүлэхэд дивизиоиоль бүтэцтэй байх нь эдийн засгийн харьцангуй бие даасан нэгж хэсгүүдийг бий болгоно. Энэхүү бүтэц зохион байгуулалтын үндсэн дутагдлууд нь удирдлагын аппарат нэмэгдсэнээр зардал ихсэнэ, санхүү болон материал техникийн нөөцийн хуваарилалтаас үүссэн нэгж хэсгүүдийн хооронд зөрчилдөөн бий болно, тухайн нэгжээс гадуур албан тушаалын өсөлт нарийн төвөгтэй болно зэргийг дурдаж болох юм.
Матриц бүтэц нь удирдлагын зохион байгуулалтын бүтцийн чиг үүрэг /функциональ/-ийн ба салбарласан бүтцийн хослол юм. Дивизионоль бүтцийн дутагдалтай талуудыг матриц бүтэц шийдвэрлэх боломжтой юм. Тодруулбал, зорилтот бүтээлч бүлэг, байнгын нэгдсэн бүлэг, хөтөлбөрийн удирдлага зэргийг уламжлалт зохион байгуулалтын бүтэцтэй хослуулах хэлбэр болно. Энэхүү бүлэг (баг)-ийн зохион байгуулалт нь зохион байгуулалтын бүтцийн хэвтээ чиглэлд харилцан уялдаа холбоог сонгох органик хандлагыг хэрэгжүүлэхийг шаарддаг.
Зорилтот бүтээлч бүлэг: гэдэг нь тодорхой зорилгыг биелүүлэх, эсвэл төсөл
хэрэгжүүлэхийн тулд хамтарч ажиллаж байгаа хүмүүсийн нэгдэл болно.
Байнгын нэгдсэн бүлэг:  нь удирдлагын санаа зорилгын дагуу, эсвэл сайн дурын үндсэн дээр байгуулагдаж болох ба байгууллагад урт хугацааны хөтөлбөр хэрэгжүүлэх үед голчлон бий болдог.
Maтриц бүтцийн үндэс нь төвлөрсөн (хөтөлбөрт- шугаман), координац (зохицуулох)
гэсэн 2 төрөл болно.
Хөтөлбөрт - зорилтот бүтэц зохион байгуулалтын төвлөрсөн хэлбэр нь хөтөлбөрийн бүх оролцогчид нэгдсэн нэг шугаман удирдлагад захирагддагаар тодорхойлогдоно. Бүтэц зохион байгуулалтын Энэ төрөл нь өндөр зохион байгуулалт, хугацааны гүйцэтгэлийн чанартай байдал, хөтөлбөрийн үр дүнгийн төлөөх хариуцлагын хуваарилалт сайн зэрэг давуу талуудтай.
Хөтөлбөрт - зорилтот бүтэц зохион байгуулалтын зохицуулох хэлбэр нь шугаман функциональ бүтцийн үед хэрэглэгддэг. Гол зорилт нь янз бүрийн нэгж хэсгүүдийн инновацийн хөтөлбөрт хоршин ажиллах хэвтээ чиглэлийн харилцан уялдааг хангахад оршино зохицуулагч байгууллага (бүтэн зохион байгуулалтын нэгжийн шийдвэр гаргалт нь шугаман дээд удирдлагын олгосон эрхийн хэм хэмжээнд гүйцэтгэгдэнэ.
Хөтөлбөрт - зорилтот бүтэц зохион байгуулалтын зохицуулах хэлбэрийн уян хатан байдал нь менежерийн мэдлэг, ур чадвараас шууд хамаардаг гэдгийг анхаарахгүй өнгөрч болохгүй. Дээрхээс үзэхэд, матриц бүтцийн чухал үндсэн хэсэг нь хагас бие даасан бүлэг, эсвэл зорилтот хамт олныг бий болгон ажиллуулах явдал юм.
Эдгээр бүлэг, багууд нь ямар нэг тодорхой асуудлыг шийдвэрлэх хөтөлбөр, зорилтын дор бий болох бөгөөд байгууллагад өөрийн үйл ажиллагаагаа явуулах эрхийг эдлэх болно. Гэхдээ байгууллагад бүлэг, багийг амжилттай ажиллуулах үндсэн нөхцөл нь хөтөлбөрийн менежерийи инновацийн үйл ажиллагааг удирдах мэргэжлийн мэдлэг, чадвар, дадал юм.
Бүлгээр ажиллах явдлыг зохион байгуулахад дараах зүйлсийг анхаарах нь зүйтэй юм. Үүнд:
1. Байгууллагын үйл ажиллагаа болон хөтөлбөрийн хүрээн дэх бүлгийн үүрэг ба эрхийг тодотгох;
2. Шугаман функциональ болон хөтөлбөрт удирдлагын бүтцийг “огтлолцох” уялдуулах зорилтын дор бүлгийг бий болгох зэрэг болно.
Инновацийн байгууллагын бие даасан шинж нь хүмүүсийн чөлөөтэй, нээлттэй, сайн дурын нэгдэлд оршдог. Иймээс зөвхөн захиргааны шат дамжлагаар үүрэг даалгавар авч хэрэгжүүлэх төдий бус, ардчилсан өрсөлдөөний орчинд бүх гишүүд бүтээлч идэвхи санаачилгатай ажиллахад сонирхол нь нэгдсэн байдаг байна. Энэ нь "ашиг төвтэй" зарчмаар эрх мэдлийн төвлөрлийг сааруулах нөхцөл бүрдсэн үед хэрэгждэг. Инновацийн байгууллагын зохион байгуулалтын бүтцийн гол давуу тал нь нэг хүн, эсвэл хэсэг бүлгийн эрх ашиг давамгайлдаггүйд оршдог.
Орчин үед хөгжлийн хурдцаар тэргүүлж буй салбаруудын үйлдвэр аж ахуйн газрууд нь дараах хэлбэрийн инновацийн байгууллага болон ажиллаж байна. Жишээлбэл:
“Эдхократ” буюу Тодорхой зорилтын төлөө, мэргэжлийн байгууллага нь
стандартын бус нарийн төвөгтэй ажлуудыг төсөл хэлбэрээр гүйцэтгэдэг байна.
Ажилтнуудынх нь эрх мэдэл нь удирдлага үе шатаар бус харин мэдлэг, чадвар, нэр хүндээр тодорхойлогддог байна.
Удирдлагын хяналт нь зорилт болох бөгөөд түүнийг хэрэгжүүлэх арга хэрэгслийг ажилтан өөрөө сонгодог болжээ. Өөрийн үйл ажиллагааны төлөө хүн бүр хариуцлага хүлээх ба эрсдэл болон шагнал урамшуулыг хамт олноороо хүртэх боловч бүлгийн гишүүн бүрийн оруулсан хувь нэмрийг тооцдог байна. Олон хэмжээст байгууллага (многомерной организация). Матриц бүтэц зохион байгуулалттай байгууллагын адил үйлдвэрлэлийн нөөцийн хэрэглээ ба үйл ажиллагааны үр дүнг хариуцах боловч мөн зах зээл, хэрэглэгч рүү үйл ажиллагаа нь чиглэдэг болно. Энэ байгууллагын онцлог нь бие даасан ажлын бүлэг ба зорилтот бүтээлч хамт олон үйлдвэрлэлд шаардлагатай нөөцийн хангалт, тодорхой хэрэглэгч /зах эээл, бүтээгдэхүүн, үйлчилгээ/-д чиглэсэн үйлдвэрлэл, үйлчилгээ болон зах зээлд нэвтрэх тодорхой нутаг дэвсгэр дэх үйл ажиллагаа гэсэн зорилтуудыг нэг зэрэг гүйцэтгэдэгт оршдог.
Нэгж хэсгийн төсвийг тухайн нэгж өөрөө бий болгох бөгөөд байгууллага нь зөвхөн үйл ажиллагаа явуулах хэрэгслээр хангадаг байна. Ийм бүтэц зохион байгуулалттай байгууллага нь олон давуу талтай боловч гишүүдийг урамшуулж, шижим түлхэц өгөх боломжоор хязгаарлагдмал байдаг байна. Хэрэв байгууллагын гишүүн бүр, тэдний ажилд хамаатай асуудлаар шийдвэр гаргахад оролцох эрхээр хангагддаг бол дээрх асуудал шийдвэрлэгдэх боломжтой гэж олонхи мэргэжилтнүүд үздэг байна.
Инновацийн партисипатив байгууллага нь удирдлагын бүх түвшний мэргэжилтнүүдэд дараах оролцоог санал болгодог байна. Үүнд: Зорилго тодорхойлоход оролцох асуудлыг хэлэлцэхэд оролцох, шийдвэр гаргахад оролцох. Гишүүдийн хувьд, санал дэвшүүлэх, хувилбар боловсруулах, эцсийн шийдвэрийг сонгох гэсэн 3 түвшин ихэвчлэн байдаг байна. Санал дэвшүүлэх хүрээнд, уламжлалт зохион байгуулалтанд бүтцийн болон бусад өөрчлөлт хийхийг шаарддаггүй. Хувилбар боловсруулах шатанд, тодорхой зорилтыг амжилттай шийдвэрлэх зорилгоор зохион байгуулалтанд мэргэжлийн бүлэг бий болох хэрэгцээтэй болдог. Шийдвэрийг сонгох шатанд, шинжлэх ухаан технологи, техник эдийн засаг, удирдлагын чиглэлүүдээр зөвлөх ажлын хэсгийн оролцоо чухалчлагддаг. Портисипатив нь бүтэц зохион байгуулалтын ардчилсан хэлбэр бөгөөд байгууллагын гишүүн бүр өөрөөсөө дээш орших удирдлагатай харилцах боломжоор хангагддаг ба шийдвэр гаргалт чанартай байх нөхцлийг бүрдүүлдэг болно.
Зах зээлийн баримжаатай байгууллага. Инновацийн байгууллагын зохион
байгуулалтын дээрхи хэлбэрүүдийн хоршил нь зах зээлийг баримжаалсан төрөл болно. Ийм байгууллагын бусдаас ялгагдах онцлог нь ихэнх байгууллагын нэгж хэсэг нь л зах зээлийн асуудлыг хариуцдаг бол түүний бүхий л нэгж хэсэг, гишүүдэд зах зээлийг асуудал хамааралтай байдаг болно. Байгууллага нь хэрэглэгчийн хэрэгцээ шаардлага дээр үндэслэн үйл ажиллагаагаа явуулдаг.Үүний үр дүнд удирдлагын хатуу үе шатны оронд бие даасан бүлгүүд, зорилтот бүтээлч хамт олон бий болдог.
Хууль эрх зүйн ямар ч хэлбэр (хувьцаат компани, холдинг гэх мэт)-тэйгээс үл
хамааран байгууллага судалгаа, туршилт, зохион бүтээлт, үйлдвэрлэл, борлуулалт, арилжаа гэсэн инновацийн процессийг удирдах механизмыг бүрдүүлэх нь чухал билээ. Удирдахуйн шинжлэх ухааны судалгааны олон улсын институтын доктор С.В
Хайнныш, Ю.Л.Гиттик, Е.Н.Захшников нар үйлдвэрийн газрын түргэн хөгжлийн механизмыг санал болгохдоо байгууллага аж ахуйн нэгжийн үйлдвэрлэлийн болон инновацийн үйл ажиллагаа зэрэг явагдах нь зүйтэй гэж үзсэн байдаг. Тэд байгууллагын бүтэц зохион байгуулалтыг захиргааны функциональ бүтэц, бизнес үйл ажиллагаа, төслийн гэсэн 3 тэнхлэгт куб хэлбэртэй гэж үзсэн. Мөн боломжит нэгж хэсгүүдийг бие даалгах 7 хувилбарыг санал болгон үйлдвэрийн газрыг хэт том хэмжээтэй байхын үр ашиггүй болохыг тодотгосон байна. Ийнхүү үйлдвэр, аж ахуйн газар нь инновацийг нэвтрүүлэн идэвхижүүлэхдээ түүнийг бүтээмж, үр ашгийг дээшлүүлэх стратегийн гол чиг хандлагаа болгох нь зүйтэй.
Удирдлагын чиг үүргүүд үйлдвэрийн газрыг инновацийн төслөөр удирдахад ч  хэрэгжинэ гэдэг нь мэдээж билээ. Ийнхүү үйлдвэрийн газрыг төслөөр удирдахад зорилгот удирдлагын зохион байгуулалтын бүтэц, хэрэгжүүлэх механизмыг шинээр бий болгох нь чухал төдийгүй инновацийн үйл ажиллагаанд оролцогчдын үүргийг тодотгон авч үзэх хэрэгтэй юм.

No comments:

Post a Comment

Photoelectric Intelligent Dry Separation  Please see below information   ...