Sunday, September 14, 2014


Шатдаг занарыг ашиглаж, түлш үйлдвэрлэх технологийн ерөнхий тойм


Сүүлийн үед нүүрс, занар хоёр газрын тостой “барьцан”, шингэн түлшний зах зээлд хүч үзэх болж, тэр нь ч ихээхэн амжилтад хүрч буй нь   гайхмаар явдал биш юм. Үүсэл түүхийн хувьд аваад үзэхэд энэ гурван “эрдэнэ” мөн чанарын хувьд тун адил төстэй нь хэнд ч тодорхой. Бүгдээрээ   адилхан галав юүлэх үеэс амьтан, ургамлын масс газрын гүнд он удаан жил ялзарч, урвалд орж задарсны үр дүн билээ.Тэгэхээр газрын тосноос шингэн түлш гаргаж болж байгаа юм чинь, нүүрс, занараас тийм түлш гаргах боломжтой нь тун баараггүй, логиктой гэсэн бодол хэнбугайн ч толгойд бууна. 

Үнэхээр ч нүүрс, занараас түлш шатахуун үйлдвэрлэн, хэрэглээнд нэвтрүүлсэн нь харин ч илүү эко түлш болж буй давуу тал нь өнөөдөр нүүрс, занарын технологийн гол PR болж байна. 
Гэхдээ чухам яаж, ямар технологиор шатдаг занарыг түлш болгоно гэж? Тэгээд тэр нь байгаль орчинд аюулгүй байж чадах болов уу? Эдгээр асуулт эхний ээлжинд бидэнд илүү сонин.

Бид одоо нүүрсийг хийжүүлэх, шингэрүүлэх технологийг харьцангуй сайн мэдэх болсон. Эхлээд эрчим хүчний нүүрсээ хийжүүлээд, дараа нь шингэрүүлэх горим бүхий олон үйлдвэрээс бүрдсэн цогцолборын тун ч нарийн төвөгтэй технологи бий. Тэгвэл энэхүү технологийн горим занарыг түлш болгон хувиргахад мөн адил ашиглагддаг ажээ. Гэхдээ занарынх зарим талаараа арай   нарийн   гэж хэлж болно. 

Занарын нөөцийг ашиглаж болох эсэхийг тухайн нөөцийн керогений агуулгыг тогтоох ажлаар эхэлдэг. Дээр дурдсанчлан занарт агуулагдах органик нэгдэл буюу керогений агуулгын хэмжээнээс хамааран тухайн нөөцийг ашиглах нь эдийн засгийн хувьд үр ашигтай байж чадаж гэмээнэ их ажил өрнөх суурь болно. Дараа  нь занарыг ил аргаар олборлох уу, эсвэл түүнийг гүнд нь далд боловсруулан ашиглах уу гэдгийг шийддэг. 

Хэрэв занарыг ил аргаар олборловол түүнийг буталж шигшээд боловсруулах үйлдвэрт пиролиз буюу халуун задралд оруулна. Халуун задралд занарыг оруулахад зүгээр   нэг том зуух бус хэдэн арван метр үргэлжилсэн маш урт хоолой хэлбэрийн зуух шаардлагатай. Занарыг шатах хий ашиглан халуун задралд оруулна. Ингээд түүнээс давирхай (занарын тос) буюу нүүрсустөрөгчийн хий, ус, шатах хий гаргаж авдаг. Мөн үнс буюу хагас кокс хэмээх үлдэгдэл үүснэ. Улмаар давирхайг дахиж боловсруулан шатахуун үйлдвэрлэх гол түүхий эд болох нийлэг хий (syngas) үйлдвэрлэх үйлдвэрт дамжуулан өгнө. Нийлэг хийг дараагийн үйлдвэрт оруулан автобензин, дизель түлш, мазут үйлдвэрлэнэ. 

Ил аргаар олборлолгүйгээр шатдаг занарыг гүнд боловсруулах арга нь дээрхээс илүү нарийн технологи шаардана. Учир нь газрын гүнд буй занарын нөөц хүртэл өрөм тавьж пиролизын үүрэг бүхий халаах төхөөрөмжүүдийг тодорхой байршлуудад тавина. Ийнхүү халаах төхөөрөмжөөр керогенийг халуун задралд оруулан давирхай гаргах үйл явцыг түргэтгэнэ. Тэндээс гарсан давирхайг дээш дамжуулах цооногоор соруулж авна. Энэ үйл явцыг in-situ conversion process (далд боловсруулах) арга гэж нэрийднэ. Ингээд газрын гүнд пиролизоор гарган авсан давирхайгаа боловсруулах цогцолбор үйлдвэрт нийлүүлэн түлш болгох үйл явц өрнөнө. 

Газрын гүнд буюу занарыг in-situ аргаар ашиглахад технологийн битүү горимыг нарийн чанд мөрдөж чадвал байгаль орчинд үзүүлэх хохирлыг маш бага, арилгаж болох түвшинд барих боломжтой ажээ. Хэрэвзээ газрын гүнд боловсруулалт хийх үед керогенийг халаан задралд оруулах явцад үүсдэг усны уур, давирхай, шатах хийг чулуулгийн аль нэг ан цаваар алдах аваас энэ нь байгаль орчинд хөнөөл учруулах юм. Гэвч орчин үеийн технологи битүү горимыг нарийн чанд сахиж чаддаг төдийгүй технологийн тоног төхөөрөмжийн иж бүрдэл, эвслийн зохицуулалт нарийвчлал сайтай болсон юм. Энэ төрлийн технологийг байгальд хоргүй байх боломжтой гэж АНУ 2006 онд батламжилжээ.



Занарын тухай маргаан...


Дэлхийд шатдаг занарын үндсэн гурван төрөл буйг тогтоосон байдаг. Үүнд битумт занар, пиробитумт занар, завсрын үеийн занар орно. Эдгээрээс тос, хий гаргаж авах технологи нь харилцан адилгүй юм. Манай оронд тогтоогоод буй шатдаг занарыг олон улсад oil shale гэж дуудна. 

Харин үүнээс гарал үүслийн хувьд өөр shale oil гэж олон улсад нэрлэдэг занар нь дээр дурдсан битумт занар ажээ. Энэ төрөлд АНУ-ын Калифорнийн Monterey, Хойд Дакотагийн Bakken Shale, Техасын Eagle Ford зэрэг хэсгийн ордуудын занар хамаарна. Дэлхийд битумт занарын нөөц тун ч арвин бий. Shale oil буюу битумт занарт тодорхой хэмжээний нефть, мөн хий агуулагдана. Гэхдээ энэхүү уламжлалт бус газрын тос, хий хоёрыг олборлоход шуудхан л өрөмдлөг хийгээд цооногоор дээш “соруулах” боломжгүй юм. Ийм төрлийн занарт агуулагдах тос, хийг гарган авахад пиролизын аргаас огт өөр арга техник ашигладаг байна. Битумт занарын давхарга ихэвчлэн газрын гадаргаас доош хоёр км орчим, түүнээс ч илүү гүнд оршино. Тиймээс эхлээд босоо өрөмдлөг хийгээд занарын судлыг дагуулан хөндлөн өрөмдлөг хийж, улмаар чулуун давхаргад агуулагдах тос, хийг олборлоход hydraulic fracturing буюу ус, химийн бодисын холимгийг цооногоор дамжуулан өндөр даралтаар шахах аргыг хэрэглэдэг ажээ. Үүнийг хөндлөн өрөмдлөг болон гидро задралын аргаар олборлох гэнэ. Хэвтээ цооногоор даралт бүхий ус, элс болон химийн бодис шахах бөгөөд гидро задрал нь судал хоорондын ханыг өргөтгөж газрын тос болон хийг олон босоо цоног өрөмдөхгүйгээр шахаж гарган авна. Хэвтээ өрөмдлөг хийснээр тос болон байгалийн хийн гарц, хэмжээг эрс нэмэгдүүлэх төдийгүй газрын гадарга дээр олон өрөм тавихгүй зэрэг давуу талтай байдаг аж. 

Тойм байдлаар тайлбарлахад ийм ч гэлээ, үүнд маш чамбай судалгаа бүхий, нарийн төвөгтэй үйл ажиллагаа шаардагдах нь дамжиггүй юм. АНУ-д анх 1940-өөд оноос эхлэн эдүгээ нэг сая орчим цооног өрөмдөн дээрх аргаар занарыг боловсруулан газрын тос, хий гарган авч буй ажээ. Яг одоогийн байдлаар АНУ-д fracturing-ийн аргаар олборлолт хийж буй 34 мянган ширхэг занарын цооног бий. Нэг цооногоос олборлолт хийхэд дунджаар 4.5 сая галлон (1 галлон=~3.78 литр) ус ашигладаг байна. Тэдгээр цооногт нэг бүрт нь дунджаар 40 мянган галлон химийн нэгдэл ашигладаг байх юм. 

АНУ-д энэ аргаар занараас тос, хий олборлоход хэрэглэдэг химийн бодисын жагсаалтад 600 гаруй бодис ордог байна. Жирийн цооногт дунджаар 10 гаруй химийн бодис оролцдог ч, нөөцийн чанараас хамааран химийн нэмэлт бодисыг харилцан адилгүй байдлаар устай хольж ашигладаг.  Гэхдээ үүний зарим нь ихээхэн хортой бодис байдаг аж. Тухайлбал эдгээрт хар тугалга, формалдегид,  хүнцэл, цууны хүчил, хүхрийн хүчил, метанол, гидрохлорын хүчил, этилен гликол зэрэг маш олон тооны хортой химийн бодис орно. Түүнчлэн цооног бүрт арай өөр арга технологи ашиглах шаардлага гардаг. Иймд энэ салбарынхан үргэлж шинэ зүйлтэй тулгарч хөгжсөөр байна. Гэхдээ занар олборлогчид технологио улам сайжруулж, байгаль орчинд хоргүй болгох чиглэлд хөгжүүлж буй хэмээн мэдээлж буй ч байгаль орчны хөдөлгөөнийхөн тэдний энэ аргыг огтхон ч сайшаадаггүй.

Хэдийгээр АНУ-д занарыг боловсруулах энэ төрлийн (fracturing) технологи нь улам бүр хөгжсөөр байгаа тухай салбарын мэргэжилтнүүд нь ярьж буй ч уг технологи нь эхнээсээ ард иргэд, байгаль орчны төрийн бус байгууллага, тэр ч бүү хэл АНУ-ын Байгаль хамгаалах агентлагийн (EPA) “гүний усны бохирдол дээрх аргын олборлолттой холбоотой байж болзошгүй” гэсэн дүгнэлт бүхий судалгааны тайлантай тулгарч эхлээд байна. Хэргийн учир нь занарыг газрын гүнд боловсруулан тос, хий гарган авах явцад асар их хэмжээний бохирдол үлдэж, тэр нь тодорхой хэмжээгээр нэвчиж, гүний усыг бохирдуулж болзошгүйг тэд тэмдэглэжээ. 

Занарын ордын цооног бузгай гүнзгий буюу хоёроос гурван мянган метр гүн байх агаад түүгээр дамжуулан химийн хорт нэгдэл бүхий усыг шахдаг. Сонсоход амархан ч, энэ явцад асар их хорт шингэн тухайн цооногоор газрын гүнд үлдэж, гүний усыг бохирдуулах аюултай байдаг ажээ. Компаниуд тухайн цооногт ашигласан шингэнийг цэвэршүүлэн эргүүлэн ашиглахаар соруулж авдаг төдийгүй хөрс, гүний усыг бохирдуулахгүй байхуйц ган хоолой болон цементэн ханаар хаалт тавьдгаас гадна геологийн зузаан үе давхарга нь гидро задралд ашигладаг шингэний бохирдлоос найдвартай хамгаалж буй гэж тайлбарладаг. Гэвч АНУ-ын Байгаль хамгаалах агентлагийн үзэж буйгаар геологийн үе давхаргууд нь хорт бодисыг гүний усанд нэвчихгүй байх баталгаа болохгүйг тэмдэглэжээ. Нэг цооногт хэрэглэх ус, химийн холимог бүхий шингэний бараг тал хувь нь цооногтоо үлдэж, үлдсэн хувийг дахин боловсруулж ашигладаг болохыг тус улсын байгаль орчны зарим шинжээч онцолж буй юм. Газрын гүнд үлдсэн шингэн гүний усыг бохирдуулахаас гадна тухайн цооног орчмынхоо агаарыг ч бохирдуулах аюултай байдаг. Гүний ус, орчны агаар бохирдсон гэсэн иргэд, байгууллагын гомдол санал АНУ-д 1000 гаруй бүртгэгджээ. 

АНУ-ын Техас, Виржиниа, Калифорни болон бусад хэд хэдэн мужид яг энэ аргаар занарын олборлолтыг эрчимтэй хийж байна. Энэ арга бол занарын нөөцийн хувьд ч тэр, олборлолтын технологийн хувьд ч тэр Монголд хамааралгүй болохыг энд тэмдэглэе. Монголд shale oil буюу битумт занарын нөөцийн судалгаа огт хийгдээгүй байгаа юм. Харин Монголд байдаг занар нь шинжлэх ухааны нэр томъёогоор пиробитумт шатдаг занарын төрөлд хамаарах юм. 

Монголын шатдаг занарыг олборлоход их хэмжээний өрөмдлөг шаардлагагүй, hydraulic fracturing-ийн аргыг огтхон ч хэрэглэхгүй болохыг энэ салбарт мэргэшсэн доктор, профессор С.Батхуяг, Г.Ёндонгомбо нар урьд нь манай сэтгүүлд нийтлүүлсэн өгүүлэлдээ тодорхой дурдаж  байсан. 



Занарын технологийг Монголын хөрсөнд буулгахад урт хугацаа орно

Ерөнхийдөө занарын хувьд найрлагаасаа хамаараад харилцан адилгүй технологи шаардагддаг бөгөөд шатдаг занарыг пиролизын аргаар ашиглахад ус ашиглахгүйн зэрэгцээ, байгальд харьцангуй хохирол багатай байдаг. Одоогийн байдлаар Уул уурхайн яамны хүсэлтээр Монголын занарын холбоо АНУ-ын судлаачидтай хамтран энэхүү нөөцийг байгаль орчинд хоргүйгээр, мөн эдийн засгийн үр ашигтай байдлаар ашиглах боломжийг судалж байна. Үнэхээр ч энэ салбарыг хөгжүүлэхийн тулд эхлээд хууль эрх зүйн орчноо боловсронгуй болгох ёстой нь дамжиггүй юм. 

Саяхан батлагдсан Газрын тосны тухай хуульд уламжлалт бус эрчим хүчний эх үүсвэр буюу занарыг ашиглах тухайд тодорхой зохицуулалт оруулж өгсөн. Одоо үүнийг дагасан дүрэм журмыг олон талаас нь судалж байж гаргах нь зүйн хэрэг. Ингэснээр манай занарын төслүүдэд томоохон хөрөнгө оруулалт орж ирэх боломжтой болох юм. Мэдээж энэ салбарт боловсон хүчнээ бэлтгэх нь маш чухлыг Салбарын яам, Занарын холбооны төлөөлөл мэдэгдэж буй. Нөгөөтэйгүүр занарыг олборлож ашиглах ажил яг өнөөдөр шууд хэрэгжчихгүй. Энэ бол урт хугацааны судалгаа шинжилгээн дээр    тулгуурлаж эхлэх төсөл юм. Манайд занарыг олборлож ашиглах хүртэл  цөөнгүй жилийн ажил байна. АНУ-д ч занарыг ашиглах хууль эрх зүйн зохицуулалт, технологийн тал дээр тус улсын ард иргэдийн төлөөлөл, зарим ТББ хангалттай боловсронгуй бус байгааг шүүмжилдэг. 

Манай улс занарыг ашиглахдаа өнөө үед дэлхийн олон оронд ашиглаж буй занарын шатахууны хамгийн орчин үеийн үйлдвэр, түүний технологи, тоног төхөөрөмжийн иж бүрдлийг сонгон авч чадсанаар байгаль  орчинд хоргүй, нийгэм, эдийн засагт үр ашигтай   үйлдвэрлэлтэй болох боломжтой. 

Thursday, September 11, 2014

Зэсийн үнэ тэнгэрт цойлохгүй ч зах зээлд үнэлгээгээ алдахгүй

2d076e 79 x800
Аж үйлдвэрийн голлох бүтээгдэхүүнд тооцогддог зэс металын зах зээл 2014 оны хоёрдугаар хагасын босгыг давах гэж байна. Зэсийн үнэ он гарсаар өснө, буурна гэсэн хоёр таамаглалыг шинжээчид эерэг сөрөг үндэслэлтэйгээр дэвшүүлж байсан бол оны эхний хагаст ийнхүү сөрөг таамаглал биеллээ олжээ.Харин оны хоёрдугаар хагаст, цаашлаад ирэх онд хүрэн металын үнэ ханш эргэн дээшлэх үү гэсэн горьдлого зэс үйлдвэрлэгчдийн цээжинд хадгалагдсаар   байна. Энэ зуур санхүү, эдийн засгийн түүхий эдийн судалгааны шинжээч нар эерэг таамаглал дэвшүүлэхээсээ улам л “эмээх” болов. Үнэндээ зэсийн зах зээлийн тухайд өөдрөг төсөөлөлтэй байгууллага бараг үгүй байсныг өнгөрсөн оны зааг дээр шил шилээ даран гарч байсан ханшийн төлөвийн судалгааны тайлангуудын үр дүнгээс харж болно. Barclays, Citigroup, PwC, Олон улсын зэсийн судалгааны групп гэх мэт  тэргүүлэх шинжилгээний байгууллага энэ онд зэсийн үнэ тонн тутамдаа 7000 ам.доллар ч хүрэхгүй байх төсөөлөл биелнэ хэмээн тайландаа сийрүүлсэн нь эдүгээ илүү тодорхой болж буй бололтой. Зэс үйлдвэрлэгч томоохон компаниуд болон HSBC, UBS зэрэг цөөн хэдэн санхүүгийн байгууллага үнэ өсөх таамаг дэвшүүлэн тавьж байсан.Гэвч зах зээлийн төлөв байдал цаашид хэрхэн өрнөхөөр байна вэ? Энэ жилийн хоёрдугаар хагаст зэсийн үнэ 6000-7000 ам.доллар/тоннын хооронд хэлбэлзэх төлөвтэй байгаа тухай Ройтерс зэсийн судалгааны тайландаа өгүүлжээ. Ингэснээр зэсийн дундаж үнэ гурав дахь жилдээ дараалан буурах төлөв гарч буй юм. 2011 онд зэсийн дундаж үнэ дээд амжилт тогтоосон бөгөөд 8825 ам.долларт хүрсэн. Хятадын компаниуд сүүлийн жилүүдэд зэсийг санхүүжилтийн гэрээний барьцаа болгож ашиглах явдал түгээмэл болсон тул зэсийн үнэ макро эдийн засгийн хүчин зүйлд улам бүр нөлөөлөхөөр болжээ.
 Олонх шинжээчдийн байр суурийг авч үзвэл зэсийн зах зээл Хятадын эдийн засгийн нөхцөл байдлаас ихээхэн хамаарсан хэвээр. Зэсийн зах зээл дэх эрэлтийн 40%-ийг дангаараа бүрдүүлэгч тус улсын эдийн засгийн нөхцөл байдал эрчлэн давших өсөлтийн хэмнэлд бус дотоодын хэрэглээнд түшиглэсэн, алгуур өсөлтийн эрчимд шилжсээр. 
Энэ хэрээр түүхий эдийн зах зээлийн шинжээчдийн зэсийн төлөвийн тухай бодролд бараг л ганцхан дүгнэлт тодрох болжээ. Зэсийн үнэ өсөх боломж ирэх жилүүдэд ч хязгаарлагдмал байх бөгөөд дунд хугацаандаа зэсийн үнэ бууралттай хэвээр байх тухай Thomson Reuters-оос гаргасан зэсийн судалгааны 2014 оны тайланд дурджээ. 
Өнгөрсөн жилүүдэд зэсийн нийлүүлэлт эрэлтээсээ харьцангуй хомс байсан учир зах зээлд өндөр үнэ ноёлж байсныг гайхах зүйлгүй. Харин өнөөдөр зах зээлд нийлүүлэлт нэмэгдэж, улмаар хүрэн металын үнэ ханшийг сулруулах нөхцөл бүрдэж байна. Өөрөөр хэлбэл одоо зэсийн олборлолтын өсөлтийн оргил үеийг бид туулж буй ажээ.
Зэсийн үнэ ханш зах зээлд дээгүүр байсан өнгөрсөн жилүүдэд хөрөнгө оруулагчид зэсийн төслүүдэд хөрөнгө хаяж, үр дүнд нь 2013 онд олборлолт, үйлдвэрлэлийн хурдацтай өсөлт бий болжээ. Энэ онд ч мөн ялгаагүй тийм дүр зураг тодорч байна. Учир нь энэ жил Чилид Caserones, Sierra Gorda төсөл, Замбид Сентинэл төсөл нийлүүлэлтийн “их айл”-д нэгдэж буй. Ройтерсийн тооцоолж буйгаар энэ жилийн хувьд зэсийн нийлүүлэлтийн илүүдэл эрэлтийн 2%-тай тэнцэхээр байна. 
Ийнхүү нийлүүлэлтийн илүүдэл харьцангуй доогуур хэмжээнд байгаа нь эрэлт өссөнтэй холбоотой. Гэхдээ эрэлтийн өсөлтөд Хятад болон хөгжиж буй улс орнууд тулгуур үүрэг гүйцэтгэхээр байгаа ч хөгжингүй улс орнууд энэ жил зэсийн хэрэглээний өсөлтөд урьд урьдны жилүүдийнхээс илүү том байр суурьтай оролцох төлөвтэй байгаа ажээ. Хятадын зэсийн эрэлтийн өсөлт тус улсын Засгийн газрын эдийн засгийг шинэчлэх бодлогын үр дүнд саарч мэдэхээр байгаа ч эрчим хүчний салбарт, ялангуяа цахилгаан дамжуулах шугам сүлжээнд үлэмж хэмжээний хөрөнгө оруулах төлөвлөгөө нь том баталгаа болж өгч буй юм. 
Үүнээс гадна Хятадад биржийн бус агуулахуудад зэсийг санхүүгийн барьцаа хэлбэрээр хадгалах явдал нь зэсийн импортыг өнгөрсөн оны сүүл болон энэ оны ихээр хүчтэй дэмжжээ. Иймд тус улсын  Гуандун, Нинбо, Лянюнган, Далян дахь биржийн бус агуулахуудад нөөц мөн хугацаанд ихэсчээ.
Түүнчлэн Хятадын Нөөцийн газар өнгөрсөн гурав, дөрөвдүгээр сард 200 мянган тонн цэвэр зэс худалдаж авсан тухай хэвлэлүүд мэдээлсэн юм. Энэ сарын сүүлээр тэдгээр худалдан авсан зэсийг улсын нөөцийн агуулах руу шилжүүлж дуусах ажээ. Уг алхам нь зах зээлд үүсэх байсан цэвэр зэсийн нийлүүлэлтийн илүүдлээс 200 мянган тонныг даруй алга болгож буйг шинжээчид тэмдэглэж байсан. Гэсэн ч энэ онд 400 мянган тонн цэвэр зэсийн илүүдэл нийлүүлэлттэй байх тооцоог Олон улсын зэсийн судалгааны групп гаргасан юм. 
Хятадын компаниуд сүүлийн жилүүдэд зэсийг санхүүжилтийн гэрээний барьцаа болгож ашиглах явдал түгээмэл болсон тул зэсийн үнэ макро эдийн засгийн хүчин зүйлд улам бүр нөлөөлөхөөр болжээ. Гэхдээ Хятадад өрнөж буй санхүүгийн салбарын шинэчлэлийн хүрээнд энэ үйл ажиллагааг багасгаж магадгүй байгаа бөгөөд үр дүнд нь зэсийн салбарын хөрөнгө оруулалт буурах юм. Хамгийн сүүлд хийгдсэн Циндао боомт дахь шалгалт ч үүнтэй холбоотой. Нөгөөтэйгүүр Хятадын хайлуулах үйлдвэрүүд зэсийн экспортоо бууруулж, дотоодын зах зээлдээ илүү өндөр үнээр бүтээгдэхүүнээ борлуулах сонирхолтой болжээ. 
Он гармагц зэсийн үнэ харьцангуй өндөр буюу нэг тонн нь 7400 гаруй ам.долларын ханштайгаар эхэлсэн ч огцом бууралт нэгдүгээр улирлын төгсгөлд ажиглагдсан. Тодруулбал энэ оны гуравдугаар сарын дунд үеэр зэсийн үнэ сүүлийн дөрвөн жилийн хугацаан дахь хамгийн доод үнэ буюу 6500 ам.доллар/тоннд хүрсэн. Үүнд Хятадын эдийн засгийн байдал болон аж үйлдвэрийн эрчмийн уналт голлон нөлөөлсөн. Хятадын эдийн засгийн талаар ямар ч мэдээлэл байсан зэсийн үнэд их бага нөлөөтэй гэхэд хилсдэхгүй.
6 дугаар сарын 2-ны даваа гаригт Лондоны металын бирж дээр хүрэн металын үнэ нэг тонн нь 1.2%-иар өсч, 7003 ам.долларт хүрчээ. Үүнд АНУ, Хятадын аж үйлдвэрлэлийн эерэг үзүүлэлт, зэсийн эрэлт өсөх таатай төлөв ажиглагдсан нь нөлөөлжээ. Хятадын аж үйлдвэрийн эрчмийн үзүүлэлт буюу Purchasing Managers index өнгөрсөн 5 дугаар сард 50.8-тай гарсан нь энэ оны хамгийн дээгүүр үзүүлэлт юм.
Түүнчлэн АНУ-ын эдийн засгийн үзүүлэлт өнгөрсөн 1 дүгээр улиралд тааруухан байсан ч 2 дугаар улиралд орон сууц, автомашины борлуулалт сайн байсны зэрэгцээ жижиглэнгийн худалдааны үзүүлэлт дээшилсэн дүнтэй гарчээ. 
Мөн зэсийн агуулах дахь нөөц 0.3%-иар буурсан нь ч нөлөөлжээ. Тухайлбал Лондоны металын биржийн агуулах дахь нөөц 175.850 мянган тонн болжээ. Энэ нь 2008 оны 10 дугаар сараас хойшхи хамгийн доод хэмжээ ажээ. 
Зэсийн хувьд гэхдээ нэг өдрийн дараа нь эргээд 0.9%-иар буурч, 6867 доллар болсон юм. Үүнд хоёр шалтгаан нөлөөлсөн гэж шинжээчид үзэж буй юм. Нэг нь Хятадын метал экспортын гол боомт Циндаод хяналт шалгалттай байгаа тул хөнгөн цагаан, зэсийн тээвэрлэлтийг бүрэн зогсоосон тухай мэдээлэл цацагдсан явдал. Нөгөө нь Индонезийн Засгийн газрын түүхий эд экспортлох хоригоос үүдэлтэй экспортын татвартай холбоотой маргаан удахгүй шийдэгдэж, “FreePort McMoran” компани  зэсийн баяжмалын экспортоо эргээд сэргээх тухай мэдээ голлон нөлөөлжээ.
Харин эсрэгээр Индонезид үйл ажиллагаа явуулдаг бас нэгэн томоохон зэс үйлдвэрлэгч “Newmont” тус улсын Засгийн газартай экспортын татвар дээр зөвшилцөж чадалгүй, үйл ажиллагаагаа бүрэн зогсоохоо өнгөрсөн 5 дугаар сарын сүүлээр мэдэгдсэн юм. Ийнхүү эрс шийдвэр гаргасан нь өнгөрсөн 1 дүгээр сарын 12-нд Засгийн газрын түүхий эд экспортлохгүй байх хориг үйлчилж эхэлснээс үүдэн нам боловсруулалттай бүтээгдэхүүн эсвэл хүдрийн экспортод 60 хүртэлх хувийн татвар ногдуулах болсонтой холбоотой юм. Тус улсын Засгийн газар 2017 оны 1 дүгээр сар хүртэл хугацаанд компаниудад боловсруулах үйлдвэр байгуулах хугацаа олгоод буй юм. Энэ хугацаанд компаниудын түүхий эдийн экспортод 25-60 хүртэлх хувийн экспортын татвар ногдуулах юм. Энэ онд хүдрийн экспортод ногдуулах татвар 25% байгаа бол 2016 онд уг үзүүлэлт шат дараатайгаар өссөөр 60%-д хүрэх юм. 
BREE:  Энэ жил зэсийн дундаж үнэ 6826 доллар хүрнэ
Австралийн Эрдэс баялаг, эрчим хүчний эдийн засгийн газар (BREE)-ын тооцоолж буйгаар энэ жил зэсийн дундаж үнэ тонн тутамд 6826 ам.доллар байх төлөвтэй байна. Өнгөрсөн онд зэсийн дундаж үнэ 7326 ам.доллар/тонн байсан бөгөөд энэ жил өмнөх оныхоосоо 7 орчим хувиар буурах төлөвийг BREE гаргажээ.
Ирэх онд зэсийн нийлүүлэлт үргэлжлэн өсөх тул дундаж үнэ 6643 доллар болж буурахаар байна. Харин үүнээс хойш 2019 он хүртэл жил бүр 1.5%-иар үнэ өссөөр 6906 ам.доллар болох ажээ. Үүнд цэвэр зэсийн үйлдвэрлэлийн өсөлтийн удаашрал болон хөгжиж буй улс орнуудын зэсийн хэрэглээний өсөлт голлон нөлөөлөх ажээ. Зэсийн уурхайн олборлолт ирэх оноос эхлэн жил бүр 4.6%-иар өссөөр 2019 он гэхэд 24 сая тоннд хүрэхээр байна. Үүнд Перу, Замби, Конго улсын олборлолт голлон нөлөөлөх ажээ. 
Өнгөрсөн онд зэсийн дундаж үнэ 7326 ам.доллар/тонн байсан бөгөөд энэ жил өмнөх оныхоосоо 7 орчим хувиар буурах төлөвийг BREE гаргажээ.

 

Дэлхийн зэсийн хэрэглээ жил бүр 3.5%-иар өссөөр 2019 он гэхэд 25.9 сая тоннд хүрэхээр байна. Түүнчлэн тухайн үед Хятад дэлхийн зэсийн нийт хэрэглээний бүр ч илүү хэсэг буюу 51%-ийг эзэлдэг болох төлөв гарчээ. 
Тухайлбал Замбид зэсийн олборлолт жилд 10%-иар өсөх бөгөөд 2019 онд жилдээ 1.5 сая тонн зэс үйлдвэрлэхүйц хэмжээнд хүрэх ажээ. Тус улсад First Quantum Minerals-ийн Сентинэл уурхайн өргөтгөлийн дүнд 300 мянган тонн, Vedanta-гийн Konkola уурхайгаа 250 мянган тоннын хүчин чадалтай  болгож өргөжүүлэх ажээ. 
Бүгд Найрамдах Конго улсад Glencore-Xstrata-гийн Камото уурхай 300 мянган тонн, Мутанда уурхай 200 мянган тонн болж өргөжихөөр байна. 
Австралийн тухайд 2013 оны 7 дугаар сараас 2014 оны 7 дугаар сарын санхүүгийн жилд 985 мянган тонн зэс олборлохоор байгаа бөгөөд 2018-2019 онд уг үзүүлэлт 1.2 сая тонн болох таамагтай байна.  Эдгээр нь тус улсад хэрэгжиж буй Rex Resources-ийн Hillside болон OZ Minerals-ийн Carapateena уурхайн үйлдвэрлэлээс голлон хамаарч буй юм. Цэвэршүүлсэн зэсийн үйлдвэрлэл Австралид энэ онд 5.1%-иар өсч, 477 мянган тонн болжээ. Үүнд BHP Billiton-ы Olympic Dam болон Glencore Xstrata-гийн Townsville цэвэршүүлэх үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаараа ажиллах болсон нь голлон нөлөөлж буй юм.
Дээр дурдсанчлан BREE харьцангуй өөдрөг таамаглал буюу урт хугацаандаа зэсийн үнэ өсөх таамаг дэвшүүлээд байгаа ч Дэлхийн банкны зэсийн үнийн төлөвт энэ онд дундаж үнэ 6900 доллар, ирэх 2015 онд 6880 доллар байхаар тусгажээ. Тус банкны тооцоолж буйгаар зэсийн үнэ 2025 он хүртэл 6800 доллараас буурахгүй ажээ. 
Зэсийн үнийн бууралт салбарын компаниудын ашиг орлогыг багагүй нэрвэж буйн тод жишээ нь Codelco юм. Дэлхийн зэсийн хамгийн том үйлдвэрлэгч Чили улсын Codelco өнгөрсөн 5 дугаар сарын 30-нд эхний улирлын үйлдвэрлэл нь ялимгүй буурч, металын үнэ буурснаас үүдэн ашиг орлого ч буурсныг мэдэгдлээ. Тус компани эхний улиралд 383 мянган тонн зэс үйлдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад бүтээгдэхүүний гарцын хувьд 0.3%-иар буурсан дүн юм. Мөн татварын өмнөх ашиг нь 539 сая доллар болж 38%-иар буурчээ. Гэхдээ үйлдвэрлэлийн зардлаа танах алхмууд хийсний дүнд бүр илүү огцом буурч болох “аюул”-аас ангид байж чаджээ. Цаашдаа зардлаа танаж, бүтээмжийг дээшлүүлэх ажлаа үргэлжлүүлэх ажээ.
Codelco компанийн зэсийн төслүүдэд 2021 он гэхэд 27 тэрбум ам.доллар татан төвлөрүүлэх төлөвтэй байна. 
Олон улсын зэсийн судалгааны группын тооцоогоор дэлхийн цэвэр зэсийн хэрэглээ энэ онд өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 3%-иар өсч, 22 сая тонн болох төлөвтэй байгаа юм. Тэр дундаа дэлхийн зэсийн эрэлтийн 40 гаруй хувийг бүрдүүлдэг Хятадынх 5%-иар өсөх тухай мэдэгджээ. Харин цэвэр зэсийн үйлдвэрлэл өмнөх оныхоос 6.5%-иар нэмэгдэж, 22.4 сая тонн хүрэхээр байна. Ирэх 2015 онд цэвэр зэсийн хэрэглээний өсөлтийн хувь мөн хэмжээнд хадгалагдах төлөвтэй байгааг тус судалгааны групп мэдээлжээ. 
Нэгэн үе нэг тонн нь 8000, 9000 ам.доллараас илүү үнэд хүрээд байсан зэс ойрын хэдэн жилийн хугацаанд дунджаар 6800 долларын үнэтэй худалдаалагдах тухай судалгааны байгууллагууд таамаглал дэвшүүлээд байна. Гэхдээ энэ бүхэн Хятад, АНУ, Европ болон хөгжиж буй улс орнуудын эдийн засгийн байдлаас ихээхэн хамааралтай юм. Гэхдээ энэ нь зэсийн салбарынхны хувьд тийм ч чамлахаар үнэлгээ биш бөгөөд зэсийн салбар ашигтай бизнес хэвээр байх боломжтой түвшин юм. Зэсийн зах зээл илүү эрүүл, хэвийн нөхцөл байдал бүрдсэн учир үнэ ийнхүү хөөсрөлтгүй болж буй тухайд ч шинжээчид санал нэгдэж байна. 

Monday, September 8, 2014

Монголд төмрийн нойтон баяжуулах үйлдвэр байгуулагдлаа


Хонконгийн Focusгруппын хөрөнгө оруулалттай “Фокус Метал Майнинг” компани Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт орших Худагбайшинт уурхайнхаа дэргэд төмрийн хүдрийн нойтон баяжуулах үйлдвэр ашиглалтад орууллаа. Одоогийн байдлаар Монголд төмрийн хүдрийг зөвхөн хуурай аргаар баяжуулах үйлдвэрүүд л ажиллаж байгаа юм. Харин есдүгээр сарын 6-нд нээлтийг нь хийсэн энэхүү үйлдвэр анхны нойтон баяжуулах томоохон үйлдвэр болж байна.
Уг үйлдвэрийг Монголын “Хийт констракшн”, Хятадын “Туншин” компани болон бусад арваад туслан гүйцэтгэгч байгууллага 2012 оноос эхлэн хоёр жил орчмын хугацаанд хурдан шуурхай гүйцэтгэжээ. Үйлдвэрийг байгуулахад ойролцоогоор 40 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгджээ.
Үйлдвэрийн эхний шугам ашиглалтад орсноор 300 мянган тонн 66%-ийн агуулгатай төмрийн баяжмал Хятад руу экспортлох боломжтой болж буй юм. Тодруулбал, жилдээ 600 мянган тонн төмрийн хүдрийг Худагбайшинт уурхайгаас олборлон, үйлдвэрт боловсруулан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгох юм. Үйлдвэрт ашиглах усыг Туул голын уснаас татаж буй бөгөөд усны дахин ашиглалт 80-85%-тай байх ажээ.
Уг үйлдвэр нь 80 шинэ ажлын байр бий болгох бөгөөд тал нь монгол ажилчид, үлдсэн нь хятад ажилчид байх юм.
Үйлдвэрийн дараагийн шат ашиглалтад орсноор жилдээ нийтдээ 600 мянган тонн баяжмал үйлдвэрлэх боломжтой болох бөгөөд ирэх жил энэ ажлыг биелүүлэхээр “Фокус Метал” төлөвлөжээ.
Одоогийн байдлаар хуурай баяжмал нэг тонн нь 70 ам.доллар байгаа бол нойтон баяжмал агуулга өндөртэй учир 120-140 ам.доллар/тонн үнэтэй байгаа юм. Тэр хэрээр хуурай баяжмалын экспортыг бодвол үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээсээ илүү ашиг олж, улсын төсөвт төвлөрүүлэх татварын хэмжээ нэмэгдэх юм.
Үйлдвэрийн нээлтэд Focus групп болон “Фокус Метал Майнинг” компанийн захирал, ажилтнуудаас гадна Уул уурхайн сайд, Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд, УИХ-ын гишүүд, Булган аймаг болон Бүрэгхангай сумын Засаг дарга, бусад төлөөлөгч, Хятадын Элчин сайдын яамны төлөөлөл, Хятадын банкны Монгол дахь салбарын захирал, үйлдвэрийн бүтээн байгуулалтад оролцсон компаниудын төлөөлөл, орон нутгийн иргэд гээд нийтдээ 150 гаруй хүн оролцлоо.
“Фокус Метал Майнинг” компани нь 2008 онд хайгуулын ажил хийж, 2009 онд Худагбайшинт уурхайн олборлолтыг эхлүүлжээ. Тус компани хуурай баяжуулах үйлдвэртэй байсан юм. Одоо нойтон баяжуулах үйлдвэрээ нээж буй нь тус компанийн дараагийн шатны зорилт болох шууд ангижруулсан төмрийн үйлдвэр байгуулахад нэг алхам ойртсон дэвшил болсныг тус компанийн Гүйцэтгэх захирал Ц.Батсайхан хэлж байсан юм. 

Б.Төгс

Photoelectric Intelligent Dry Separation  Please see below information   ...