Хятад Америкийг гүйцэж, эдийн засгаараа дэлхийг “малгайлах” нь. Гэхдээ...
Дэлхийн банкнаас гаргасан сүүлийн үеийн шинэ тоо баримтаас үзэхэд БНХАУ энэ жилийн дунд гэхэд АНУ-ыг ардаа хаяж, дэлхийд эдийн засгийн нэгдүгээр тоглогч болохоор байна. Хэдийгээр АНУ эдийн засгийн хувьд аюулгүй байдлаа хадгалж үлдэхийн тулд идэвхийлэх болсон ч Хятад 1980-аад оноос баялгийн эрэлд мордсоноос эхлэн дээрх нь зөвхөн цаг хугацааны асуудал болсон гэж үздэг.
АНУ 1872 онд Их Британи улсыг гүйцсэнээр өдийг хүртэл дэлхийн “номер” нэг эдийн засаг байж ирсэн. Ихэнх эдийн засагчид Хятадыг 2019 он гэхэд бүх улсын толгой эдийн засаг болно гэж тооцож байсан. Тэгвэл тэд Хятадын хөгжлийн хурдны хязгаарыг доогуур тооцсон бололтой.
Хятадын эдийн засаг хүлээж байснаас илүү хурдтайгаар АНУ-ынхыг гүйцэж байгааг Дэлхийн банкны олон улсын харьцуулалтын тайлан харуулж буй. Тус тайлан нь 2005 оноос хойш анх удаа шинэчлэгдэн гарсан нь энэ.
Эдийн засгийн эрүүл мэндийн гол илтгэгч болох “Худалдан авах чадварын харьцуулалт/ Purchasing power parity”-аас харахад ОУВС 2012 онд АНУ-ын ДНБ-нийг 16.2 их наяд ам.доллар гэж үзсэн байдаг бол Хятадынхыг 8.2 их наяд гэж гаргажээ.
“Худалдан авах чадварын харьцуулалт” нь валютын харьцах ханшаас шалтгаалан хоёр өөр оронд ижил төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авахад гарч буй үнийн ялгаа, мөнгөн тэмдэгтийн худалдан авах чадварыг хэлж буй. Тухайлбал, нэг ам.доллар 6.3 юаньтай тэнцэж байна гэж үзвэл энэ мөнгөөр Хятадад Америкт байгаагаас илүү худалдан авалт хийж болохоор байгааг харуулж байна. Батлан хамгаалах салбарын зардлыг аваад үзэхэд, Хятад, Америк улсууд нь цэрэг армийн бүрэлдэхүүнээ яг адил хэмжээнд зузаатгалаа гэхэд Хятад улс илүү бага зардал, мөнгөөр үүнийг хийж чадна гэсэн үг.Тиймээс ч “Guardian” сонин “Одоогоос 10 жилийн дараа гэхэд Хятад улсын эдийн засаг АНУ-ынхаас 60 хувиар илүү том байхаар харагдаж байна” гэжээ
Тэгвэл Дэлхийн банкны олон улсын харьцуулалтын тайлан 2005 онд Хятадын эдийн засгийг Америктай харьцуулахад талд нь ч хүрэхээргүй буюу тус улсын нийт эдийн засгийн 43 хувьтай л тэнцэж буйг харуулсан байдаг. Харин сүүлийн үеийн судалгааны дүнгээр 2005 оноос хойш Хятад нь судлаачдын бодсоноос ч илүү хурдан өссөн байж таарах нь. Тиймээс Дэлхийн банк энэ удаад Хятадын нийт ДНБ нь 2011 онд Америкийн ДНБ-ний 83 хувьтай тэнцэж, огцом өсөлт үзүүлсэн гэж дүгнэжээ. Товчхондоо тайлангийн дүгнэлт нь 2011 онд “Худалдан авах чадварын харьцуулалтаар хэмжиж үзвэл, АНУ хамгийн том эдийн засагтай орон хэвээр үлдсэн ч Хятад тус улсын араас хурдтайгаар дагаж байна” гэсэн байгаа юм.
Олон улсын валютын сан Хятадын эдийн засаг 2011-2014 онд 24 хувиар өсөх тооцоо гаргасан бол АНУ-ыг энэ хугацаанд ердөө 7.6 хувиар өснө гэж таамаглаж буй. Энэ нь Эрх чөлөөний орныг их газрын Коммунист улс энэ жил гэхэд гүйцэх баталгаа аж. “Энэхүү үзүүлэлт нь дэлхийн эдийн засгийн газрын зурагт хувьсал авчирч , дундаж орлоготой иргэдээс бүрдсэн томоохон орнуудын байр суурийг нэмэгдүүлж байна. Мөн дэлхийн хүн амын баян ядуугын ялгаа багасч, илүү тэгширч байгаа нь харагдаж буй ” гэж “Financial Times” тус тайлантай холбогдуулан бичжээ.
Бусад хөгжиж буй орнуудыг тэгвэл аваад үзье. Энэтхэг улс өмнө нь эдийн засгийн хэмжээгээр аравдугаар байранд ордог байсан бол одоо гурав дахь том эдийн засагтай орон болчихсон яваа. Тус улсын эдийн засаг 2005 онд АНУ-ын нийт эдийн засгийн 19 хувьтай тэнцдэг байсан бол 2011 онд 37 хувьтай нь дүйж ирсэн нь асар хурдацтай өсөлт. Манай улсын хойд хөрш ОХУ, цаашлаад Бразиль, Индонез болон Мексик нь дэлхийн тэргүүлэх 12 эдийн засагтай орнуудад багтаж буй. Нөгөө талаас, өндөр үнэ, доогуур өсөлт бүхий хөгжингүй орнууд нь Их Британи болон Японыг АНУ-ын байр сууринаас нэлээд алсад авчирсан бол Герман суудлаа ялимгүй өндөрсгөж, Итали бахь байдгаараа үлдэж. Чинээлэг орнууд дэлхийн нийт ДНБ-ий 50 хувийг бүрдүүлж байгаа ч хүн амын ердөө 17 хувь нь энэ улсуудад харьяалагддаг.
Хятад Америкийн байр суурийг эзлэх гэж буй нь эдийн засаг, улс төрийн нөлөөлөл баруунаас зүүн тийш чиглэж буй дохио. Энэ нь төрийн эрхэн дэх эдийн засаг АНУ, Европын ардчилсан чөлөөт тогтолцоот эдийн засгаас илүү дээр гэсэн санаа юу. “АНУ-ын хувьд байр сууриа алдана гэдэг тус улсын дэлхийн тавцнаас бууж буй уналт мэт харагдаж байгаа. Гэвч хамгийн том эдийн засагтай байна гэдэг “сайн” гэсэн үг мөн үү гэдэг асуулт байна” гэж “Time” сэтгүүл бичжээ. Өөрөөр хэлбэл тоо чухал уу, эсвэл чанар чухал уу гэсэн үг.
Тоо чухал уу, чанар чухал уу
Хэдийгээр Хятад улс дэлхийн нэгдүгээр эдийн засаг боллоо ч энэ нь нэг талаас тус улсын эдийн засгийн сул талуудыг халхавчилж буй маск ч байж болох. Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүнийг өсөхөд хөшүүргэдэж буй хүчин зүйлс нь тус улсын эдийн засгийн эрүүл мэнд энх мэнд биш болохыг баталж буй. Тухайлбал үүнд хөрөнгө оруулалтын илүүдэл, үл хөдлөх хөрөнгийн салбар дахь үрэлгэн төслүүд, өрийн “галзуурч” буй хэмжээ орно. Хятад улс үнийн өрсөлдөх чадвараа алдаж буй нь ойрын жилүүдэд ажиглагдаж буй бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн өсөлтөөс харагдаж байгаа билээ. Мөн тус улс өнөөдөр ч хөгжингүй орон болоход зайлшгүй хэрэгтэй удирдлагын түвшин дэх мэргэжилтнүүд болон технологи санхүүгийн мэргэжлийн ур чадвараар дутаж буй. Энэ бол хөгжингүй орнуудыг чанарын